15-100 КВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗУУХ АШИГЛАГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ-ӨДӨРЛӨГ БОЛОВ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15-100 кВт-ын хүчин чадалтай зуух ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагад технологийн шийдэл танилцуулах уулзалт-өдөрлөг болов.
Энэхүү уулзалтыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас дүүргүүдтэй хамтран хуваарийн дагуу зохион байгуулж байгаа юм. Уулзалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр нээж, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, зуух ашиглагчдад үзүүлэх дэмжлэгийн талаар мэдээлэл өгсөн бол БОУАӨЯ-ны Ногоон технологи, инновацийн хэлтсийн дарга А.Чинбат аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн санхүүжилтийн тухай танилцуулав.
Мөн Төрийн банк ногоон зээлийн талаар мэдээлэл өгч,"Уртын хүр" ХХК, Монватт ХХК, Тэнгис девелопмент групп, Повертүүл ХХК, Ultrasonic, Пассив барилгын хүрээлэн, Эко ондол ХХК, Хангайхан Өндөр ХХК, зэрэг компаниуд халаалтын системийн шийдэл, тоног төхөөрөмжөө дэлгэж танилцуулсан юм.
Сүхбаатар дүүрэгт 15-100 кВт-ын хүчин чадалтай зуух ашиглагч 39 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа судалгаа бий. Тэдний төлөөлөл 26 аж ахуйн нэгж, 30 гаруй иргэн, албан хаагчид уулзалтад оролцож мэдээлэл авлаа.





