ЗОРИЛГО

Төрөөс нийгмийн чиглэлээр гарсан хууль тогтоомж, бодлого шийдвэр, дэвшүүлсэн зорилтыг иргэдэд сурталчлах, нийгмийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай, чанартай, жигд хүртээмжтэй хүргэж үйлчлэхэд оршино

ЗОРИЛТ

Дүүргийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол соёл урлаг, шинжлэх ухаан эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг хүн ам зүйн чиглэлээр бодлого хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвлөгөө дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажилгүйдэл ядуурлыг орон нутгийн түвшинд бууруулах бодлогыг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх ажилд онцгой анхаарч ажиллана.

ЧИГ ҮҮРЭГ

• Иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэж байгууллага иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хугацаанд нь барагдуулахаас гадна хүний хөгжлийг хангах, нийгмийн халамж хамгааллын үйлчилгээний хүрээг өргөтгөх, хөдөлмөр эрхлэлт, ядуурал зэрэг асуудлаар дүүргийн төр захиргааны байгууллагаас гарах эрх зүйн баримт бичгийг боловсруулж гарсан шийдвэрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

 Бие даан амьдрах чадваргүй өндөр настан, өнчин, тэнэмэл хүүхэд, тахир дутуу хүмүүс, өрх толгойлсон эхчүүд зэрэг нэн ядуу эмзэг бүлгийн хүмүүсийг нийгмийн хамгаалал асрамжийн хүрээнд хамруулах ба нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээнд хяналт тавьж ажиллана.

 Төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-уудад боловсролын стандартын хэрэгжилтэнд хяналт тавин, ЕБС, цэцэрлэгийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлж чанаржуулна. Төрийн захиргааны байгууллагаас боловсролын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр, баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эн тэргүүнд сургууль завсардалтыг бууруулах, албан бус боловсролыг өргөжүүлэх замаар бичиг үсэг үл мэдэгч иргэдийн тоог бууруулах, боловсролын салбарын удирдах боловсон хүчин багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана.

 Хүүхэд, залуучуудад боловсрол, мэргэжил эзэмшүүлэх, эрүүл мэндээ хамгаалах, амьдрах арга ухаанд суралцуулахад чиглэсэн сургалт зохион байгуулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж хамтарч ажиллана. Мөн хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хамгаалах арга хэмжээний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, тэдэнд зориулсан үйлдвэрлэл үйлчилгээ, сургалт хүмүүжлийн байгууллагын ажлыг дэмжих, хүүхэд залуучуудын зориулалтын барилга байгууламжийн ашиглалт засвар үйлчилгээний чанарт хяналт тавина.