ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн үйлчилгээг иргэддээ хүнд сурталгүй, ил тод, шуурхай хүргэж, авилгаас ангид, хуулиа дээдэлсэн шударга ёс хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэхэд оршино.

ҮНДСЭН ЗАРЧИМ

• Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж, бүхий л үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хэрэгжүүлэх

• Төрийн албаны ёс зүйг чандлан сахиж, улс төрөөс ангид байж, хариуцлага хүлээх чадвартай байх

• Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь мэргэшсэн, шуурхай, соёлтой, найдвартай тасралтгүй байх

БЭЛГЭДЭЛ, ДАЛБАА

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 8/36 дугаар тогтоолоор дүүргийн бэлгэ тэмдэг, далбааг шинэчлэн баталсан.

                

СҮХБААТАР ДҮҮРГИЙН БЭЛГЭДЭЛ

Бэлгэдлийг тойруулан түмэн олны аз жаргал төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрч, хөгжин дэвжиж байхыг бэлгэдэн ногоон өнгийн дэвсгэр дээрх түмэн насан хээгээр хүрээлүүлэн оройд нь төрийн соёмбо байрлуулсан нь төрөө ямагт дээдлэн Монгол Улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг бэлгэдсэн. Бэлгэдлийн төвд дөрвөн зүгийг өнгөөр төлөөлүүлэн дүрсэлсэн ба боловсрол, соёл, шинжлэх ухаан, төр захиргааны байгууллагууд төвлөрсөн нийслэлийн төв дүүргийг бэлгэдэн хангарьдын бие дээр хотын төв цэгийг байрлуулав. Хойд зүгийг хөх өнгөөр төлөөлүүлэн түмэн олон энх амгалан мөнхөд оршихыг, Урд зүгийг улаан өнгөөр төлөөлүүлэн ертөнцийн есөн хүсэл бүхнийг бүтээн мандан бадарч, сүр жавхлантай байхыг, Баруун зүгийг цагаан өнгөөр төлөөлүүлэн сэтгэл ариун, аз жаргалтай байхыг, Зүүн зүгийг шар өнгөөр төлөөлүүлэн цог золбоо, нас буян нь дэлгэрч, сайн сайхан бүхэн арвижихыг тус тус бэлэгдэв.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 04-р сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж болох 10 хороог хувааж, 4 дүүрэг /тухайн зарлигт район гэж нэрлэсэн байдаг/ болгон зохион байгуулсаны нэг нь Сүхбаатар дүүрэг /район/ билээ. Сүхбаатар дүүрэг нь нийт 44 хороодыг нэгтгэсэн 19,452 өрхтэй, 96,661 хүн амтай, 500 гаруй байгууллага, үйлдвэр, соёл үйлчилгээний газартай тэр үеийн Нийслэлийн хүн амын гуравны нэг нь тус дүүрэгт хамрагдаж байжээ. Дүүргийн газар нутгийн түүхийг 1778 онд Их хүрээг энэ суурьшлын бүсэд байгуулсан тэр цагаас эхэлсэн гэж үздэг. Сүхбаатар дүүрэгт Монгол улс, Нийслэл хотын түүхтэй холбоотой олон дурсгалт газар, тухайн салбартаа анхныхаа гал голомтыг асаасан олон арван ууган байгууллага, төр засгийн төв байгууллагууд төвлөрөн байрлаж ирсэн. Иймээс Их хотын хойморь хэмээн хүндлэн дээдэлдэг. Энэ ч утгаараа Монгол улсын урлаг соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллага, худалдаа үйлчилгээний төв нь болон хөгжсөөр байна.

СҮХБААТАР ДҮҮРЭГ-ӨНӨӨДӨР

Сүхбаатар дүүрэг өнөөдөр 20,8 мянган га газар нутагтай, 20, 38639 айл өрхтэй, 145258 хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг болоод байна. Үүний зэрэгцээ тус дүүрэгт төр захиргаа, соёл боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаа явуулж байна. Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, элчин сайдын яамд, НҮБ, Дэлхийн банк, Азийн сан зэрэг төрийн болон олон улсын байгууллагууд, Ардчилсан нам, Монгол ардын нам зэрэг улс төрийн нам эвсэл холбоодын 30-аад байгууллага байрладаг. Мөн Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Эрүүл Мэндийн Шинжлэх ухааны их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын Боловсролын их сургууль зэрэг их дээд сургуулиуд, Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллага, аж ахуйн нэгж тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Иймээс Сүхбаатар дүүргийг хамгийн Оюунлаг хэмээн иргэд нэрлэдэг.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Монгол Улс ардчилсан шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш 1992 онд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсанаар дүүрэг бүрт Засаг даргын Тамгын газар байгуулагджээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж, ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ цаг үеэ олсон мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгээр шуурхай хангах замаар хууль тогтоомж, бусад эрх зүйн хэм хэмжээний акт, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг дүүргийн нутаг дэвсгэрт бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий ажлын алба юм. Засаг даргын Тамгын газрын хамт олон нь дүүргийн иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний ая тухтай ажиллаж амьдрах орчинг бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн идэвхитэй оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна. 2014.09.24-ний өдрөөс Засаг даргын Тамгын газар нь дүүргийн 7 дугаар хороо Денверийн гудамжинд шинээр ашиглалтанд орсон төр захиргааны иргэдэд үйлчлэх төв байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛЛАГАА

Сүхбаатар дүүрэг нь Бүгд Найрамдах Солонгос улсын Инчеон хотын Жүн дүүрэг, Сөүл хотын Жонно дүүрэг, Япон улсын Нагано мужийн Саку хот, Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотын Чанкая дүүрэг, Оросын Холбооны улсын Чита хот, Оросын Холбооны улсын Буриадын Улан-Үд хот, Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотын Fulbright сан, Бүгд Найрамдах Болгар улсын Стрелча хот, БНХАУ-ын Бээжин хотын Дунчөн дүүрэг ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотуудтай уламжлалт найрамдалт хамтын харилцаатай ажиллаж байна. Бид өнөөдөр гадаадын улс, хот дүүргүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр гэрээ , протокол, санамж бичгийн агуулга, үзэл санааг баяжуулан хөгжүүлж эрүүл мэнд, спортын чиглэлд түлхүү хамтарч байна.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД

Боловсрол Сүхбаатар дүүрэгт Монгол Улсын анхны ерөнхий боловсролын 1,2,3 дугаар сургууль, 1,2 дугаар цэцэрлэг, улсын анхны их дээд сургууль Монгол Улсын Их сургууль, Боловсролын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулиуд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг Өнөөдөр дүүргийн хэмжээнд боловсролын байгууллагууд өргөжин хөгжиж ерөнхий боловсролын төрийн өмчийн 22, төрийн бус өмчийн 30 сургуульд 32138 хүүхэд, төрийн өмчийн 26, төрийн бус өмчийн 39 цэцэрлэгт 10064 хүүхэд багачууд сурч хүмүүжиж байна. Мөн их дээд сургууль, коллеж мэргэжлийн боловсролын сургуулиуд олноор байгуулагдаж 60000 оюутан залуус суралцаж байна.

ЭРҮҮЛ МЭНД

Дүүргийн эрүүл мэндийн төв нь нэгдсэн эмнэлэг, 18 өрхийн эмнэлэгийн хамт иргэдэд эмнэлэгийн анхан болон 2 дах шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Сүхбаатар дүүрэгт Монгол Улсын анхны эрүүл мэндийн байгууллагууд Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг, нэг, хоёрдугаар амаржих газрууд байрлахын зэрэгцээ нийслэлийн төвийн дүүргийн хувьд 100 гаруй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эмийн сангууд ажиллаж иргэдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

СОЁЛ УРЛАГ

Монгол Улсын урлаг соёлын байгууллагуудын үндэс суурь манай дүүрэгт байгуулагдаж өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Соёлын төв өргөө, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хүүхэлдэйн театр, Улсын филармони, Улсын цирк, Монголын хүүхдийн ордон, Улсын төв номын сан, Нацагдоржийн нэрэмжит номын сан, Уран зургийн галерей гэх мэт олон байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын циркийг 1940 онд Раднаабазар, Л.Нацаг /зохиолч Л.Ванганы төрсөн ах/ Ц.Гомбо нар үндэслэн байгуулжээ. 1940 оны наадмаар “Шафито” хэмээх анхны тоглолтоо хийжээ. Дуурь бүжгийн эрдмийн театр 1963 онд байгуулагдаж Оросын суут хөгжмийн зохиолч П.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийсэн түүхтэй Улсын филармони 1972 онд байгуулагдаж гадаадын орнуудад Монголынхоо урлагийг таниулах нэрийн хуудас болж байжээ.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

1958 онд Монголын пионер сурагчдын төв ордон нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. 1984 онд 700 хүний суудалтай соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах танхим, 150 хүний бага танхим, бүжиг, тусгай үзэсгэлэн, төрөлжсөн дугуйлангийн танхимуудтай ордны иж бүрэн цогцолбор ашиглалтанд орсон байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Дүүргийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр 80 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас 34 зочид буудал, 37 дэн буудал, 9 амралтын газар байдаг ба нийслэлийн хэмжээнд байрлах өндөр зэрэглэлтэй Улаанбаатар, Баянгол, Êонтинентал, Êорпорейт, Блю Скай, Залуучууд, Туушин, Пума зэрэг зочид буудлууд байрладаг нь бас нэгэн онцлог юм.

ХОЛБОО БАРИХ

Утас: 70070109

Факс: 976-70070113

И-мэйл: info@sbd.gov.mn

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот-14192, Сүхбаатар дүүргийн 7-р хороо Денверийн гудамж, Иргэдэд үйлчлэх төв байр