Монгол улсын Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм”-ийн дагуу Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан орон тоогоор дүүргийн Засаг даргын шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулна.

ЗОРИЛГО

Батлан хамгаалах хууль, тогтоомж, энэ талаарх төр засгийн бодлого, шийдвэрийн биелэлт, тэдгээртэй уялдуулан гарсан нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг тайван болон онцгой нөхцлийн үед зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, дүүргийн удирдлага, хороод, аж ахуйн нэгж байгууллагуудыг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах, албан тушаалтан иргэдэд мэргэшил арга зүйн туслалцаа үзүүлэх явдал мөн.

ЧИГ ҮҮРЭГ

• Дүүргийн нутаг дэвсгэрт батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг, иргэдэд сурталчлах ажлыг тайван болон онцгой нөхцөлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжид өмчийн харъяалал харгалзахгүйгээр батлан хамгаалах асуудалтай холбогдсон хууль тогтоомжийн талаар үүрэг чиглэл өгч арга зүйн удирдлагаар ханган, туслалцаа үзүүлэх, биелэлтийг хангуулж, хяналт тавина.

• Цэрэг техникийн тоо бүртгэл хөтлөх, цэргийн насны залуучуудыг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах, тэднээс эрүүл мэндээр тэнцэгсдийг цэргийн жинхэнэ алба хаалгахаар сонгох, сайн дурын үндсэн дээр зэвсэгт хүчинд гэрээгээр алба хаалгах, хууль журмын дагуу дүйцүүлэх албаны ажиллагааг зохион байгуулах, цэргийн бэлтгэл үүрэгтний бэлтгэлжилтийг хангуулна.

• Үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгсэл, цэргийн зориулалттай химийн хорт бодисын хөнөөл, хордуулалт, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас сэргийлэх, тэмцэх, иргэдийг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах арга ажиллагаанд бүх нийтийг сургаж, бэлтгэх арга ажиллагааг удирдан зохион байгуулна.