СҮХБААТАР ДҮҮРЭГ ШУУРХАЙ ШТАБ БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл удирдан явуулж, дарааллын дагуу Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр шинээр томилогдсон Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Х.Ууганбаярыг танилцуулж, ажлын өндөр амжилт хүслээ. Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэл Улаанбаатар хот 2025 оны гуравдугаар сарын 1-н хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай дүүргийн Онцгой комиссын даргын Тушаалыг танилцуулж, ажил хариуцсан хэлтэс, нэгжийг үүрэгжүүллээ. Дүүргийн Шуурхай штаб нь энэ сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01 хүртэл өдөр бүр 09:00-18:00 цаг хүртэл ажиллаж, шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажиллана. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 11-20 дугаар хорооны 23191 айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын сайжруулсан түлшний хэрэгцээг хангахаар 47 жижиглэнгийн цэг ажиллаж, 359,6 тн түлшний нөөцтэй байна. Мөн Эрүүл мэндийн төвийн дарга М.Одгэрэл томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр 12 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулсан хяналт, шалгалтын дүн мэдээг Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Давааням танилцууллаа. Албан хаагчид 6000 гаруй айл өрх, албан байгууллагыг хамруулан хяналт хийж, зөвлөгөө мэдээлэл өгчээ.