ИРГЭД ДҮҮРГИЙНХЭЭ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨВ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ 2025 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төсвийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуулиудын дагуу иргэдийнхээ дунд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр удирдан явуулж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Цэндсүрэн 2025 оны төсвийн төслийг танилцууллаа.
Мөн Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнан, ирэх онд хийхээр төлөвлөсөн иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрахад чиглэсэн ажлын төсөөллөө танилцуулж, иргэдийн саналыг сонслоо.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэд энэ онд хийж хэрэгжүүлсэн гэрэлтүүлэг, камержуулалт, зам талбайн тохижилт, орон сууцны хороолол дунд болон гэр хороодод хийсэн бүтээн байгуулалт, амралт чөлөөт цагт зориулсан талбай бүхий тохижилтын ажлуудад талархалтай байгаагаа уламжилж, ялангуяа дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулж, бүтээн байгуулалтууд амжилттай өрнөж байгаад талархалтай хандаж 2025 онд хийх ажлуудад саналаа өглөө.