СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Тамгын газраас 2024 оны шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Засаг дарга М.Алтангэрэл, Засаг даргын Орлогч У.Өнөрцэцэг, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа болон ажил хариуцсан мэргэжилтнүүд, багш, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл оролцлоо.
Шилдэг хүүхэд шалгаруулалт нь Оюунлаг, Бүтээлч, Авьяаслаг, Манлайлагч, Тамирчин гэсэн 5 номинацитай бөгөөд 51 сургуулийн 150 гаруй хүүхдийн материал хүлээн авснаас шилдгээр 95 хүүхэд тодорч, шагналаа гардан авлаа.
Арга хэмжээний үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Алтангэрэл хэлэхдээ “Манай дүүргийн нийт хүн амын 35,4 хувийг 18 хүртэлх насны хүүхэд, багачууд эзэлдэг. Та бүхнийхээ амжилтаар бид маш их бахархаж байна. Цаашид бидэнд зөв хүмүүжил төлөвшилтэй, эх оронч, хүмүүнлэг хүүхэд, багачуудыг бэлтгэж, хөгжүүлэхэд зайлшгүй шийдвэрлэх асуудлууд байна. Тухайлбал, хүүхдийн амралт, чөлөөт цагийг хөгжилд чиглүүлэх бодлогыг дэмжиж, дүүрэг бүрт хүүхдийн хөгжлийн ордон, төвүүдийг байгуулах, хөгжил, төлөвшилд чиглэсэн үйлчилгээний цогц хөтөлбөр, төслийг дэмжиж санхүүжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гээд нийт хүүхдүүддээ хичээл сурлага, урлаг спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ!