МОНГОЛ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАВ
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Жендэрийн Үндэсний хороотой хамтран сургалт зохион байгууллаа. Сургалтад дүүргийн Засаг даргын орлогч, Жендэрийн салбар хорооны дарга У.Өнөрцэцэг, хэлтэс нэгжийн дарга, мэргэжилтнүүд, Жендэрийн Үндэсний хорооны ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг нар оролцлоо. Сургалтаар Монгол Улсын Ерөнхий Сайдын 2024 оны 71-р захирамжаар батлагдсан эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөө “2024-2027”-г танилцууллаа.
Мөн Жендэрийн салбар хороон дарга У.Өнөрцэцэг салбар хороо нь эрх тэгш байдлыг хангах асуудлаар нутаг дэвсгэрийн хэмжээнд бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй бөгөөд ажил олгогч байгууллагууд жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг буй болгох тал дээр анхаарч ажиллах нь чухал юм гэдгийг онцлоод, хэрэгжүүлж ажиллахад салбар дундын хамтын ажиллагааг уялдуулах нь чухал юм гэлээ.
Мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.6 жил аж. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байгаа юм. Иймээс 2024-2027 он хүртэл дөрвөн зорилт бүхий 36 үйл ажиллагааг төр, төрийн бус, аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ. Төлөвлөгөөнд, хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг сайжруулах замаар чанартай, урт наслалтыг дэмжих; Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүдийн хамрагдалт, оролцоог тогтмолжуулах; Зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар эрэгтэйчүүдийн осол гэмтэл, зуурдын нас баралтыг бууруулах; Үндэсний хэмжээнд хүйсээр ангилсан мэдээллийг өргөтгөн сайжруулах, жендэрийн дүн шинжилгээ хийх, хөгжлийн бодлогод тусгах замаар олон талт хамтын ажиллагааг дэмжих зэрэг олон чухал ажлууд тусгагдсан байна.