АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ
Өнөөдөр олон улсын Ахмадын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Ахмадын хөгжлийн төвийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Сүхбаатар дүүрэгт өнөөдөр 20 орчим мянган ахмад настан ажиллаж, амьдарч байна. Тэдний нийгмийн оролцоог хангах, хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж, 14 дүгээр хороонд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ахмадын хөгжлийн төвийн барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Тус төв нь 277м2 талбай бүхий 2 давхар барилга бөгөөд ахмадуудад зориулсан соёл, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах урлаг заал, өдөр өнжүүлэх болон сэргээн засах танхимтай. Эдгээр заал, танхимуудад шаардлагатай ятга, ёочин, шанз, морин хуур бүхий иж бүрэн хөгжмийн зэмсэг, спортын хэрэгсэл, сэргээн засах, сувиллын аппарат, тоног төхөөрөмж, хурал уулзалт хийхэд зориулсан ухаалаг дэлгэц, архивын өрөө зэргийг мөн дүүргийн төсвөөр тохижууллаа.