"ХӨДӨЛГӨӨНТ ОФФИС" ХОРООДОД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр болон Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасны дагуу иргэдэд хууль, тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллагаас хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг танилцуулах, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэх зорилготой “Хөдөлгөөнт оффис”-ын бүрэлдэхүүн өнөөдөр 1,2 дугаар хороонд ажиллалаа. “Хөдөлгөөнт оффис”-ын бүрэлдэхүүнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс нэгжийн ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтын эхэнд Засаг дарга Х.Болормаа сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцуулав. Сүхбаатар дүүрэг нь 2017 оноос хойш улс, нийслэл, орон нутаг бусад эх үүсвэрийн санхүүжилтээр нийтдээ 16 цэцэрлэг, сургуулийн шинэ барилга, өргөтгөл барьсан. Зөвхөн сүүлийн гурван жилд нийтдээ 8 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт хийж, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах засвар, тоног төхөөрөмж шинэчлэлтэд зориулан дүүргийн төсвөөс хийсэн байна.
Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар замын зохиомол түгжрэлийг бууруулах, орц, гарцыг нээж, газар ашиглалтыг нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, газрын зөрчлийг арилгах ажлын хүрээнд 56 байршилд 1093ш гарааш буулгаад байна. Газар чөлөөлөлт хийсэн байршлуудад иргэдийн саналын дагуу авто зогсоол, явган болон авто зам өргөтгөл бүхий тохижилт, бүтээн байгуулалт ажлууд хийгдэж байна. Энэ жил гарааш чөлөөлсөн байршилд 3 цэцэрлэг барихаар бэлтгэл ажил хангагдсан. Иргэдийн талархлыг хүлээсэн нэг ажил нь МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн, Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 13 дугаар хороонд нийт 3га талбайд иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зориулалттай, дугуйн зам, спорт талбай бүхий ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН-СПОРТ ЦОГЦОЛБОР бүхий бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болсон нь юм. Хийж хэрэгжүүлсэн ажлын товчооныг танилцуулсны дараа иргэдийн санал хүсэлтийг сонсож, асуулт хариулт өрнүүлсэн юм. Хөдөлгөөнт оффис хуваарийн дагуу маргааш 14 цагаас 3,4,5 дугаар хороонд ажиллана.
Нийтлэлийг хуваалцах