ГЕНЕРАЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд Генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тиймээс Монгол Улс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” хэмээн тэмдэглэж эдүгээ 80 жилийн ой тохиож байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэхүү түүхт өдрийг угтан дүүрэгтээ ажиллаж, амьдарч буй генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Болдбаяр нар оролцлоо. Энэ өдрийн гол утга агуулга нь эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө тангараг өргөж, хошуучлан зүтгэсэн эрхэм хүмүүсээр бахархах, хүндлэн дээдлэх, тэдний алдар, гавъяа, хийж бүтээснийг залуу үедээ өвлүүлэх, Монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэх юм. Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар 18 генерал цолтон байна.Тэдний дунд сансрын нисгэгч, МУ-ын Баатар Ж.Гүррагчаа, Монгол Улсын анхны эмэгтэй генерал Г.Болор нар байдаг.
Эрхэм хүндэт Генералууддаа эрүүл энх, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе!
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР