"ХАМТДАА ХӨГЖИЖ, ХАРИЛЦАН СУРАЛЦЪЯ" НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Олон Улсын Нийгмийн ажилтны өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн салбар дундын нийгмийн ажилтнуудын “Хамтдаа хөгжиж, харилцан суралцъя” зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнд НИТХ-ын Төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Саранхөхөө, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн ШУТИС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн багш, доктор, дэд профессор Н.Нямдорж, хороодын болон ЕБС, ӨЭМТ-ийн нийгмийн ажилтнууд оролцлоо.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр нийгмийн ажилтнуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, ажлын байранд тулгамдаж буй асуудлаа ярилцан шийдвэрлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хамтдаа хөгжих орчин бүрдүүлэх зэрэг агуулгын хүрээнд илтгэл, мэдээлэл сонслоо. Мөн 15 дугаар хорооны нийгмийн ажилтан Л.Цэндсүрэн, 3-р сургуулийн нийгмийн ажилтан Я.Үүрцайх, ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан Б.Энхчимэг нар сайн туршлагаа танилцуулав.
Засаг дарга Х.Болормаа хэлсэн үгэндээ; “ Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан нь хүний хувь заяаг шийдэх, айл гэр, хувь хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд ажил мэргэжлийн онцлогоороо оролцох эрх, үүргийг хуулиар хүлээсэн байдаг тул системтэй, нарийн мэргэжил, мэдлэг ур чадвар дээр нь нэмээд тухайн хүний чин сэтгэл шаарддаг гэдгийг онцлоод Засаг даргын хувьд бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллана гэлээ. Мөн 2024 онд Хүүхэд, хөгжил, хамгааллын төв барихаар төсөвт суулган бэлтгэл ажил хангагдаж байгааг хэллээ. Зөвлөгөөн “Өөрийгөө хайрлах урлаг”, кейс менежмент хэлэлцүүлэг, дадлага ажил, ажлаас халшрах хам шинжийг таньж, мэдэх, түүнийг даван туулах арга зам сэдвүүдээр үргэлжиллээ.