МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙГ УГТСАН АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙГ УГТСАН АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан зохион байгуулсан арга хэмжээний шилдгүүдэд шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Цэргийн штабын дарга хурандаа Л.Гантөмөр болон хэлтэс нэгжийн дарга нар, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер,  хурандаа М.Мөнгөнтулга нар оролцлоо. Үйл ажиллагааны эхэнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчлан таниулах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхийн төлөө идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа дүүргийн Засаг дарга Х.Болормаа,  Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, 10 дугаар хорооны зохион байгуулагч Б.Болортуяа нар “Эх орны төлөө” хүндэт тэмдэг, хүндэт Жуух бичгээр  шагнуулсныг нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт гардууллаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цэргийн штаб, Боловсролын хэлтэс хамтран, Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэн замнал, баатарлаг үйлсийг судалж, танин мэдэх хүсэл төрүүлж, Монгол цэргийн түүхийг таниулах, тэдний авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор  ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд “Хугацаат цэргийн алба” видео контент бүтээх уралдааныг зохион байгуулсан юм. Энэхүү уралдаанд ерөнхий боловсролын 11 сургуулийн нийт 14 видео контент ирүүлснээс Гутгаар байрт 3 дугаар сургуулийн “Алтан-Од” баг, Дэд байрт 6 дугаар сургуулийн “Соёмбо” баг, Тэргүүн байрт 35 дугаар сургуулийн “Shaun the sheep” багуудын бүтээл шалгарч шагналаа гардан авлаа. Хороодын Засаг даргын ажлын албадын дунд зохион байгуулсан “Би цэрэг хүн” сэдэвт цэрэг-спортын буухиа тэмцээний шилдгүүд шагналаа хүртлээ. Тэргүүн байрт 5 дугаар хороо, дэд байрт 18 дугаар хороо, гутгаар байрт 20 дугаар хорооны баг тамирчид шалгарсан байна.

 

Нийтлэлийг хуваалцах