"ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

 Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаа болон Прокурорын газар, хороодын ЗДАА хамтран уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн гол зорилго нь хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, тэр дундаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг бууруулахад бүх талууд үйл ажиллагаагаа идэвхжүүлж, үр дүнтэй ажлыг хамтран зохион байгуулах юм.

Уулзалт хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн ИТХ –ын Төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар товч мэдээлэл хүргэлээ.

Хороодын Хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжиж нийслэлийн хэмжээнд анх удаа 2018 оноос эхлэн жил бүр 20-67 сая төгрөгийг төсөвтөө суулган гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг Түр хамгаалах байранд авч, тэднийг хамгаалах үйл ажиллагаанд зориулан, орчин нөхцлийг нь сайжруулсан байна. Түүнээс гадна Цагдаагийн газар, Прокурорын газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэст албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулахад зориулж нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эд хогшил, засвар тохижилт, пост барих зэрэгт 2020 оноос хойш нийтдээ 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хийсэн байна. 2024 оны төсөвт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх иж бүрэн Камерын хяналтын төвийг барихаар 4,5 тэрбум, алслагдсан хороо буюу 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн II хэлтэст пост барихад зориулж 400 сая төгрөгийг суулгажээ. Мөн Засаг дарга хэлсэн үгэндээ 2024 оныг Сүхбаатар дүүрэг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс нийт иргэд, хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгаалалд чиглэсэн үр дүнд хүрэхүйц олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулна гэлээ.

Уулзалт үргэлжлэн Прокурорын газар, Цагдаагийн газрын хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, Хамтарсан багийн үйл ажиллагаанд Хэсгийн ахлагчийн оролцоо, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн тухай, Хөршийн хяналтын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгцээ, шаардлага зэрэг сэдвүүдээр үргэлжиллээ.

Нийтлэлийг хуваалцах