ХАМТАРСАН БАГУУД АЖЛАА ДҮГНЭН, АРГА ЗҮЙН ТЭМЦЭЭНЭЭ ХИЙВ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс Хамтарсан багийн үйл ажиллагааг дүгнэх, сурталчлах, чадваржуулах “Чадварлаг баг-чанар үр дүн” арга зүйн тэмцээнээ амжилттай зохион байгууллаа. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогчдод эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой Хамтарсан баг нь гишүүдийнхээ онолын мэдлэг болон практик ур чадварыг сайжруулах чиглэлээр харилцан туршлага солилцлоо.
Арга зүйн тэмцээнд дүүргийн Засаг даргын Орлогч М.Алтангэрэл, хороодын Засаг дарга нар, хэсгийн ахлагчид оролцож хамтарсан багууддаа амжилт хүсэн дэмжин ажиллав.
Дүүргийн Хамтарсан багийн гишүүд 4 багт хуваагдан мэндчилгээ, асуулт хариулт, өгөгдсөн даалгавар, кейсүүд дээр ажиллан мэдлэг ур чадвараа сорин өрсөлдсөнөөс “Хамтдаа хамгаалцгаая” хамтарсан баг тэргүүн байр эзэлж Засаг даргын, дэд байрт “Улаан гэрэл”, гутгаар байранд “Цоглог бүсгүйчүүд”, тусгай байранд “Жаргалтай ирээдүй” багууд шалгарч Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн урамшуулал хүртлээ.
Тэмцээний шүүгчээр нийслэлийн ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа, ШУТИС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн багш доктор, дэд профессор Н.Нямдорж, ОУ-ын Улаанбаатар их сургуулийн нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, профессор Б.Сүх-Очир, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Л.Бадамцэцэг нар ажиллалаа.
Мөн тэмцээний үеэр олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан Хамтарсан багийн гишүүдэд салбар яамны шагнал гардуулсан юм. Хүүхэд гэр бүлийн сайн сайхны төлөө ажилладаг та бүхэндээ баяр хүргэе!