ISO СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ХОРООД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
Өнөөдөр үйл ажиллагаандаа Чанарын менежментийн удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, Үйлчилгээний төгөлдөршлийн ISO 23592:2021 стандартыг нэвтрүүлсэн хороод гэрчилгээгээ гардан авлаа.
Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэн төвтэй болгож, ухаалаг засаглалыг дэмжсэн бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэх, албан хаагчдын бүтээмж, сэтгэл ханамж, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, Олон улсын стандартын академи, Олон Улсын Үйлчилгээний төгөлдөршлийн институт зэрэг байгууллагууд хамтран 6 дүүргийн 20 хороонд 2023.04.01-ээс 10 сарын 01 хүртэл хугацаанд хэрэгжүүлсэн юм.
Үүнд: Сүхбаатар дүүргийн 6, 10, 11 дүгээр хороод хамрагдан чанарын менежментийн болон үйлчилгээний төгөлдөршлийн хос гэрчилгээ гардан авсны зэрэгцээ тус хороодын зохион байгуулагч Б.Батцэцэг, Б,Болортуяа, Д.Нацагбадам нар чанарын болон үйлчилгээний стандартын дотоод аудиторын гэрчилгээтэй боллоо.
Төслийг төлөвлөлтийн, хэрэгжүүлэлтийн, баталгаажуулалтын аудит хийх гэсэн 3 үе шаттай зохион байгуулж, төсөлд хамрагдсан хороо тус бүрт дэд Ажлын хэсэг байгуулж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудаас ирүүлсэн төлөвлөгөө, удирдамж чиглэлийн дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
• Холбогдох албан хаагчдыг 10 удаагийн 300 гаруй цагийн сургалтад хамрууллаа.
• 320 цагийн газар дээр нь буюу хорооны байранд зөвлөн туслах үнэлгээ хийх ажлууд хийгдсэн.
• Чанарын болон үйлчилгээний стандартын гарын авлага боловсруулах ажлын хүрээнд холбогдох тайлан судалгааг тухай бүр гаргаж хүргүүлэн ажилласнаар төслийг амжилттай хэрэгжүүлж дуусч байна.
Төслийг хэрэгжүүлэн Стандартыг хэвшүүлснээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, төрийн үйлчилгээг стандартын дагуу түргэн шуурхай, ил тод хүргэх, төрийн үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэх юм.