ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ҮЕРИЙГ ДАВАН ТУУЛАХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЭХЛЭЛИЙН СЕМИНАР БОЛЛОО

ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ҮЕРИЙГ ДАВАН ТУУЛАХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЭХЛЭЛИЙН СЕМИНАР БОЛЛОО
Өнөөдөр Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрөөс хэрэгжүүлэх “Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхийг бэхжүүлэх” төслийн эхлэлийн семинар боллоо.
Уг төсөлд Сүхбаатар дүүргийн 15, 16, 18, 20 дугаар хороод хамрагдах юм.
Эхлэлийн семинарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, ажил хариуцсан мэргэжилтнүүд, Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Ж.Энхтөр төсөл хэрэгжих хороодын Засаг дарга, Засаг даргын Ажлын албанаас оролцлоо.
4 жил хэрэгжих уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, үер усны эрчим, аюулт үзэгдлийн тоо, давтамж ихэсч байгааг хүн бүр мэдрэхэд хүргэсэн энэ зуны их, бага хэмжээний үер усны гамшгийн дараа хэрэгжих гэж байгаагаараа онцлог бөгөөд Улаанбаатар хотын хамгийн үерт эмзэг хэсэг болох гэр хорооллын бүсийн үерийн хамгаалалтыг сайжруулах, оршин суугч иргэдийн гамшгийн бэлэн байдал, даван туулах чадавхийг бэхжүүлэх зорилготойгоороо цаг үеэ олсон онцгой ач холбогдолтой байх юм.
Төслийн хүрээнд Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн сонгогдсон хороодын нутаг дэвсгэрт голын байнгын халиа, тошин, үер усанд өртдөг хэсэгт голын эргийн хамгаалалт барих, моджуулах, үер уснаас сэргийлэх дэд бүтэц барих болон оршин суугч иргэдийг чадавхжуулах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах ажлууд хийгдэнэ.

 

 

Нийтлэлийг хуваалцах