ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР ДҮҮРЭГТ АЖИЛЛАВ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР ДҮҮРЭГТ АЖИЛЛАВ
УИХ-н гишүүн, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах хүртээмжийг нэмэгдүүлэх өргөтгөсөн ажлын хэсэг өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллав.
Ажлын хэсгийн уулзалт Нийслэлийн ерөнхий боловсролын 71 дүгээр сургууль дээр зохион байгуулагдаж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, 18 дугаар хорооны Засаг дарга Ц.Цогт-Од, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдлагууд, эцэг, эхчүүдийн төлөөлөл, холбогдох яамд, нийслэлийн агентлагууд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцов.
Уулзалтын эхэнд Сүхбаатар дүүргийн боловсролын салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, санхүүжилтийн явц, авах арга хэмжээний саналыг танилцуулав. Мөн 2023-2024 оны хичээлийн жил эхлэхэд 3 ээлжээр хичээллэх нөхцөл үүссэн 4 сургууль, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 4 сургууль, 2 цэцэрлэгийн барилгын ажил удаашралтай байгаа асуудлуудыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргав.
1. 2 дугаар хороо, 31 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын суурь ажлуудыг 2023 оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө дуусгаж, хичээлийн шинэ жил эхлэхэд ямар нэг хүндрэл үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлэн ажиллах,
2. 12 дугаар хороонд баригдаж буй 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг 10 дугаар сард дуусгах, барилгын салбарын цалин, хөлсний индексийн зөрүүг 2024 оны төсөвт суулган шийдвэрлэх,
3. 16 дугаар хороонд баригдаж буй 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэгч “ Агар дүнз” ХХК-н гэрээг цуцлах, дахин зарлах,
4. 13 дугаар хороонд баригдаж буй 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын бохир зайлуулах шугамыг яаралтай шийдвэрлэх, 18 дугаар хороонд баригдаж буй 280 хүүхдийн ортой 282 дугаар цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгч “Мана- Гал” ХХК-ийн гэрээг цуцалж дахин шалгаруулалт явуулах,
5. 149 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын гэгээвчний төсөв, хөрөнгөний асуудлыг судалж, шийдвэрлэхийг Боловсролын Ерөнхий газарт чиглэл болголоо.
Нийтлэлийг хуваалцах