ҮЕРТ АВТСАН БАЙРШЛУУДАД ХАМГААЛАЛТЫН ШОРООН ДАЛАН БОСГОН АЖИЛЛАЖ БАЙНА

ҮЕРТ АВТСАН БАЙРШЛУУДАД ХАМГААЛАЛТЫН ШОРООН ДАЛАН БОСГОН АЖИЛЛАЖ БАЙНА

Сүүлийн хоёр өдөр нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас  Сүхбаатар дүүргийн зарим хороодын гудамж, орон сууц үерт өртсөн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга Х.Болормаа дүүргийн 1, 15, 19 дүгээр хорооны үерт өртсөн байршлуудад газар дээр нь ажиллалаа. Энэ үеэрээ цаашид бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул гамшгаас авран хамгаалах, сэргээн босгох арга хэмжээг яаралтай авах үүргийг мэргэжлийн байгууллагуудад өгөн шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар шуурхай ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар 1 дүгээр хороо Автозамчдын гудамж буюу Сэлбийн эргийн дагуу үерийн даланг шороо, дайрга элсээр хүчитгэлээ. Мөн 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 1, 20-р гудамжны Сэлбэ голын үерийн ус хальсан хэсэгт үерийн даланг босгон ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дүүргийн Онцгой комисс, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ, хороодын ЗДАА зэрэг нийтдээ 200 гаруй ажилтан, албан хаагчид “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжин газар дээр нь хойшлуулшгүй арга хэмжээ аван ажиллаж байна.

Цаашид бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин дахин нэмэгдэх тул голын ай сав дагуу суурьшиж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болзошгүй үер, усны аюулаас сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Нийтлэлийг хуваалцах