ХОГ ХАЯГДЛЫГ БУУРУУЛАХ, АНГИЛАХ ДАХИУЛЪЯ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хоггүй хотын төлөө “Цэвэр цэмцгэр Сүхбаатар дүүрэг” аяныг өрнүүлэн төрөл бүрийн арга хэмжээг санаачлан, олон нийтийн оролцоог дэмжин ажиллаж байгаа билээ. Өнөөдөр “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг хэрэгжүүлэгч Монголын тогтвортой хөгжлийн гүүр ТББ нь Монгол Улсын Консерваторийн харъяа ЕБС-ийн сургуультай хамтран Дахиулъя өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хөтөлбөрт дахивраа зөв ангилах болон хог хаягдал үүсгэхгүй байх боломжуудыг таниулах сургалт, сурагчдын дахивар ашиглан хийсэн бүтээлийн үзэсгэлэн, тус сургуулийн хүүхдүүдийн уран бүтээлийн тоглолт багтсан байна.
Тус сургуулийн н.Цолмон багштай 6Б ангийн сурагч “Дугуйтай гэр бүл”-ийн дунд охин П.Оюун-Эрдэнэ хог хаягдлаа ангилах хэвшлийг санаачлан ангидаа эхлүүлж улмаар эгч Ундаргынхаа 8А ангитай хамтран сургуульдаа хог хаягдлаа бууруулах, ангилах Дахиулья аяныг өрнүүлжээ.
Тэд анги удирдсан багш, сургалтын менежэр, нийгмийн ажилтан нартаа санал тавьж сургуулийнх нь удирдлагууд дэмжсэнээр бүх сурагчид хогоо ангилж эхлээд байгаа юм.
Хүүхэд багачууд, өсвөр насныхан болон оюутан залуучуудыг байгалийн нөөцөө хэмнэх, дахин ашиглах, хог хаягдлаа бууруулах, ангилах соёлд суралцахыг урлагийн эх ундарга болсон Монгол Улсын Консерватори уриалан #Дахиулъя аянд нэгдэхийг уриалж байна.
Уг өдөрлөгт нийслэлийн төвийн 6 дүүргийн 30 гаруй сургуулийн сурагчдын төлөөлөл, нийгмийн ажилтнууд оролцож, туршлага судаллаа.
Мөн БШУЯ, БОАЖЯ, нийслэлийн Боловсролын газар, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, зарим Элчин сайдын яамд, ОУ-ын байгууллагын төлөөлөгчид Дахиулъя аяныг дэмжин оролцохоо мэдэгджээ.