УГААРЫН ХИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК-тай хамтран угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалтыг сард хоёр удаа хуваарийн дагуу зохион байгуулж байгаа.
Хуваарьт сургалтуудад иргэдтэй хамгийн ойр ажилладаг хороодын хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нар оролцож байна. Энэ удаагийн сургалтыг нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга О.Алтангэрэл нийслэлээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, угаарын хийн эрсдэл үүсч байгаа шалтгаан нөхцөл, зөв галлагааны талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сургалт сард 2 удаа дүүрэг бүрт 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдах юм. Цаг агаар дулаарч, угаартах эрсдэл үүсч байгаа тул дараах зөвлөмжийг мөрдлөг болгоно уу.
- Яндангаа хөөлөх
- Пийшин зуухныхаа битүүмжийг шалгаж, янзлах, зай завсрыг битүүлэх
- Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн зайг сольж хэвийн ажиллагааг хангах
- Яндангаа авч өрхөө бүтээхгүй байх
- Яндангийн сойлтыг хаахгүй байх
- Үнсний савыг тогтмол цэвэрлэх
- Галлагааг хийхдээ түлшийг хэт дүүргэхгүй байх зэрэг энгийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн хайртай гэр бүлээ хамгаалахыг зөвлөж байна.