​109 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Сүхбаатар дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах 109 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. Уг цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд барилгын ажлыг “Адамант” компани гүйцэтгэсэн юм байна. Тус цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг дарга З.Бадарсан, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, Төрийн сангийн дарга н.Алтансувд болон тус цэцэрлэгийн эрхлэгч А.Алтантуяа болон эцэг эхчүүд оролцлоо. Нээлтийн үеэр цэцэрлэгийн эрхлэгч А.Алтантуяа “Манай цэцэрлэг зургаан бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Үүнээс болж зарим хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байх, анги дүүргэлт хэтэрхий их байдгаас болж багш нарын ажлын ачаалал ихсэх зэрэг хүндрэл их гардаг байсан. Харин энэ цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор дөрвөн бүлэгт нэмэлт элсэлт авч байгаа. Ямар нэг цэцэрлэг шинээр нээгдэхэд түүнийг дагаж заавал шинэ ажлын байр бий болж байдаг. Тэгвэл манай цэцэрлэгийг дагаж ахлах багш, туслах багш, тогооч, манаач, галч зэрэг мэргэжлээр 17 хүн ажлын байртай болсон. Бидэнд тулгарч байсан хүндрэлүүдийг бага ч гэсэн хөнгөвчилж байгаад баяртай байна. Мөн ажилгүй иргэд ажилтай болсноор ард иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд тодорхой хэмжээгээр тус нэмэр болж байгаа. Хамгийн гол нь гэртээ үлдэж, сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж чадахгүй байсан хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах болсноороо чухал ач холбогдолтой үйл явдал болж байна” гэв. Тус цэцэрлэг анх 1987 онд байгуулагдсан бөгөөд 300 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан байна. Харин цэцэрлэгийн өргөтгөл баригдсанаар XV хорооны 1-24 дүгээр гудамжны 100 хүүхэд тус цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байгаа ажээ. Улмаар тус цэцэрлэгийн нээлт цэцэрлэгтээ танилцах үйл ажиллагаагаар үргэлжилсэн юм.

Цэцэрлэгийн барилгыг Канад модон технологи ашиглан барьжээ. Энэ талаар “Адамант” компанийн барилга хариуцсан захирал Э.Түвшингтөгс “Канад технологи маш олон ач холбогдолтой. Угсармал барилга учраас цаг хугацаа хэмнэж, хурдан барих боломжтой. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг хоёр сарын хугацаанд барьсан. Бид хүүхдийн цэцэрлэгийн барилга болохоор их бодож хийсэн. Хамгийн гол нь хүүхдүүд өвөл даарахгүй байх ёстой. Канад технологоор барьсан модон байшин дулаанаа гадагш алддаггүй, хүүхдийн биед ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй, эрчим хүч бага зарцуулдаг зэрэг олон давуу талтай. Манай компани цэцэрлэгийн дотор болон гадна талын ажлыг бүгдийг нь хийсэн. Хавар болохоор гадна талын хүүхдийн тоглоом барих ажлыг хийж гүйцэтгэнэ” гэсэн юм. Уг цэцэрлэг улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан юм байна.

Энэ үеэр эцэг эхчүүд ч гэсэн санал хүсэлтээ хэлсэн. XV хорооны иргэн Ө.Болорхишиг “Манай хүүхэд бага бүлэгт хамрагдсан. Өмнө нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүйгээс болж гэртээ үлддэг байсан. Энэ цэцэрлэг ашиглалтад орсон нь залуу гэр бүлд их тус болж байгаа. Би л гэхэд өмнө нь ажил хийхгүй, гэртээ хүүхдээ хардаг байсан. Одоо харин ажил хийх боломжтой болсон. Цэцэрлэг барьсан хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна” гэв. Ямартай ч гурван жил дараалан “Боловсролд ээлтэй” дүүргээр шалгарсан Сүхбаатар дүүрэг шинэ оны эхэнд бас нэгэн шинэ цэцэрлэгийнхээ өргөтгөлийг ашиглалтанд оруулж, 100 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо.

Н.БАТЗАЯА

Нийтлэлийг хуваалцах