​Л.ОЮУНЧИМЭГ: ЦЭЦЭРЛЭГ, ХОГНЫ АСУУДЛЫГ ШИЙДСЭН, ИРЭХ ЖИЛ СУРГУУЛИА ШИЙДНЭ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, XVI хорооны Засаг дарга Л.Оюунчимэг 2013 оны эхээр ажилдаа орсон. Тус хороо нь 75 га газартай, арав гаруй мянган хүн амтай. Иргэдийн ярьдгаар Бэлхийн аманд байрладаг.

-Засаг дарга болсноос хойш ямар ажил амжуулав?

-Анх ажил авахад телевизүүдээр хур хогтойгоороо олонд зарлагдсан хороо байсан. Жил хүрэхгүй хугацаанд хур хогноосоо салсан. Цэцэрлэг, сургуулийн асуудал хүнд байсан. Ганцхан цэцэрлэгтэй байсан. Шинээр гурван цэцэрлэг барьсан. Цэцэрлэгийн насны бүх хүүхэд хамрагдаж чадаж байгаа. Ирэх жил сургууль барина. Ингэснээр сургуулийн асуудал хорооны хэмжээнд бүрэн шийдэгдэнэ. Эрүүл ахуйн шаардлага хангасан хоёр худагтай байсан. Одоо зургаа болсон.

-Цэцэрлэгийн асуудлыг хэрхэн шийдэв?

-Боловсролын сайдын дэмжлэгтэйгээр Дэлхийн банк 500 сая төгрөгөөр 100 хүүхдийн, дүүргийн төсвөөр 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулсан. Хэдийгээр 240 хүүхдийнх боловч 400 хүүхэд авах боломжтой. Бас нэг хуучин, ашиглалтгүй байсан барилгад 80 шахам сая төгрөг зарцуулж засварлан 100 хүүхдийн цэцэрлэг болгосон.

-Цэцэрлэггүй олон хороо байдаг. Танай хороо яагаад олноор нь барьж чадав?

-Дээр доороо нэгдсэн бодлоготой. Хэрэгжүүлэх чин эрмэлзэлтэй байхад ажил явна. Цэцэрлэгүүдийн нэг нь л төсвөөс мөнгө гаргаж барьсан бусад идэвх санаачилга дээр л боссон.

-Эмнэлэг, цагдаагийн үйлчилгээ ямар түвшинд байна?

-Эмнэлэг, цагдаагийн үйлчилгээ хүртээмжтэй. Бид түр оршин суугч нарт үйлчилгээ үзүүлдэг. Гэмт хэргийн гаралт янз бүр. Гэхдээ ахуйн хүрээний жижиг хулгай зонхилоод байна. Эргэн тойрны хил залгаа дүүргүүдээс орж ирээд манай нутаг дэвсгэрт хэрэг үйлдэнэ. Тэр нь манай хорооны бүртгэлд орчихоод байдаг.

-Түр оршин суугч гэж хэн бэ, хэр олон хүн байна?

-Албан ёсоор шилжиж ирээгүй ах, дүү хамаатныдаа оршин суухаар бүртгүүлсэн иргэд. Албан ёсоор 1000 гаруй хүн байна.

-Тэд бас нийгмийн үйлчилгээ хүртэх үү?

-Цэцэрлэг , сургуулийн насны хүүхдүүд байна. Тэднийг цэцэрлэг, сургуулийн удирдлагатай ярьж байгаад аль болохоор хамруулна. Цэцэрлэг завсардах нь хүүхдийн ирээдүйд муу шүү дээ.

-Гэр хороололд ажилгүйдэл их байна гэж ярьдаг.

-Үүнтэй би санал нийлдэггүй юм. Ажлын байрны албан ёсны бүртгэлийн системтэй холбоотой байх. Ажилгүй гэсэн олон хүн орж ирдэг. Гэрээр нь очоод үзэхээр нүүрс зарах мэтээр хувиараа ямар нэгэн хөдөлмөр эрхлээд орлого олдог хүмүүс байдаг. Ганц нэг тийм хэцүүхэн амьдралтай айл байгаа.

-Хорооны дарга тусламж тараадаг гэсэн яриа байдаг?

-Хорооны даргаас өгөх тусламж гэж байдаггүй. Манай хороон дээр “Дэлхийн зөн” олон улсын байгууллага багагүй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо эдний хөтөлбөрт 200 шахам хүн хамрагдаж байна. “Адра” бас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ногоо тарих хөтөлбөр хэрэгжүүлдэг 100 хүн хамрагдаж байна. Манайхан чинь мод их тарьж агаараа цэвэршүүлнэ. Ногоогоо тариад идчихнэ. Иргэд их идэвхтэй байна.

-Орон нутгийн хөгжлийн сангаар төсөл хэрэгжсэн үү?

-Явган хүний зам, гүүр, шат зэрэг хэрэгжсэн. Ирэх жилээс гэрэлтүүлэг, камержуулах төсөл хэрэгжүүлнэ.

-Асрах хүнгүй өндөр настан, өрх толгойлсон эмэгтэй, бүтэн өнчин хүүхдүүд байна уу, хэр дэмжлэг үзүүлж байна?

-Өрх толгойлсон эмэгтэйчүүд бий. Гэхдээ дүүргээс үзүүлж байгаа ажлын байрны төсөлд хамрагддаг. Гэрээр юм их оёно. Ер нь бол өөрсдийгөө аваад явчих чадвартай. 4-5 бүтэн өнчин хүүхэд бий. ТББ, аж ахуйн нэгжүүдтэйгээ ярьж байгаад өвөлдөө нэг портер нүүрс, гурил, будаа өгөөд байдаг. Асран хамгаалагчгүй 15 иргэн байсан. Тавыг нь манай хороонд байдаг “Тереза эх” сүмд, бусдыг нь бусад асрамжийн газруудад байрлуулсан.

-Хороо шийдэх юмаа шийдээд явж байна. Дээр, доороос хэр дэмжлэг байна?

-Дээрээс мэдээж хангалттай дэмжлэг үзүүлж байна. Гэхдээ саяхан хүүхдийн мөнгө олголт тодорхойгүй байдал үүсгэсэн нь үнэхээр хүндрэл учруулсан. Зүв зүгээр жигдэрсэн байсан төрийн үйлчилгээг ингэж тодорхойгүй байдалд оруулж, нийгмийг бужигнуулах ямар хэрэг байсан юм бол. Сая хэд хоног чинь энд юу болов оо. Орилох нь орилоод, харааж зүхэх нь зүхээд. Би аргаа ядаад Засаг даргад “Өгвөл нийтэд нь л өгмөөр байна. Боливол бүгдээрэнг болих хэрэгтэй” гэж хэлж байсан.

-Зарим газар хүүхдийн мөнгө огт авдаггүй иргэд байдаг гэсэн.

-Надтай лав тийм хүн таараагүй. Тэр тусмаа манай хороонд хүүхдийн мөнгөнөөс татгалзах өрх байхгүй гэдгийг би баттай хэлж чадна.

-Хүүхдэд мөнгө олгоно, олгохгүй гэсэн шийдвэр гаргахдаа та нараас ямар нэгэн санал авсан уу?

-Аваагүй. Авсан бол би эмэгтэй хүний хувьд ямар нэг хэлбэрээр хүүхэд ялгаварлахыг эсэргүүцнэ.

-Тэр амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хорооны зүгээс оролцсон уу?

-Оролцсон. Судалгааны дүн харин бидэнд байхгүй.

-Та нар дээр байх ёстой биз дээ?

-Харин тийм. Түүнээс гадна судалгааны дүн бас сонин санагдаад байгаа юм. Зарим гайгүй амьдралтай өрх доогуур түвшинд тооцогдсон байхад, хэцүүхэн амьдралтай нэг нь нэлээд дээгүүр амьжиргаатайд тооцогдсон байх жишээтэй.

-Бараг гурван жилийн өмнө хийгдсэн судалгаанд өөрчлөлт гарна биз?

-Гаралгүй яахав. Тиймээс өөрчлөлтийг бид хийх ёстой байх. Иргэд хороон дээрээс өөрийнхөө түвшинг мэдэх сонирхолтой байдаг.

-Хүн амын судалгааг хаанаа нэгтгэдэг вэ?

-Бид гаргаж өгөөд нийслэлд нэгтгэдэг.

-Та нарын гаргаж өгсөн тоо нийслэлийн гаргасан тоотой таардаг уу?

-Зөрөөд байдаг юм.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан уу?

-Явуулаагүй. Тэр нь зөв гэж бодож байгаа.

-Яагаад?

-Анх намайг ажил авч байхад XV хороон дээр дахин төлөвлөлт эхэлж байсан. Иргэд ч над дээр орж ирж байсан. Тухайн үедээ бид эхний дахин төлөвлөлтүүдийн хэрэгжилтийг харж байгаад үр дүнтэй бол нэгдсэн журмаар зохих байгууллагад хандахаар тохиролцсон. Гэтэл газраа өгчихөөд өнөөг хүртэл байрандаа ороогүй айлууд байна. Зарим нь нас барсан. Ер нь манай Бэлхийнхэн газар нь эрүүл сайхан учраас өөрсдөө сайхан барилга бариад орчихсон шүү дээ. Инженерийн байгууламжийн тухай л яриа байдаг. Гэхдээ мэдээж сонирхсон иргэд байгаа. Өмнөх нь баталгаатай хэрэгжсэн тохиолдолд л дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтэй байгаа юм.

Х.Баттөгс

Эх сурвалж: Өдрийн сонин 2016 нэгдүгээр сарын 15 №011 (5276) дугаарт

Нийтлэлийг хуваалцах