Д.БАЯРХУЯГ: АЖИЛЧДАА ХООЛГҮЙ БИШ НОЙРГҮЙ БАЙЛГАХ ДУРТАЙ
“Урлан, гэр хоёрын хооронд байдаг хүн шүү дээ би. Саяхан эхнэрийнхээ ээмэг, бөгжийг ломбардаад ажилчдынхаа цалинг тавьчихсан. Загнуулаад л сууж байна. Бас хүүхэд юунд орсон гэнэ үү. Ямар ч байсан цагаан өмд хэрэгтэй байна гээд л нэхээд байна” гэж ярих энэ эгэл эрхмийг Д.Баярхуяг гэдэг.
-Миний дүү цай уух уу, кофе уух уу?
-Цай ууя.
-Энэ "Акбар" мөн байна уу. Нөгөө гүйлгэдэг, тураадаг цай нь биш биз. Заримдаа тэрийг нь мэдэхгүй уугаад балардаг юм. Чамайг баллаад хаях вий. Би ч гэрийн ажлаас хол хүн шүү дээ..
-Биш байна, аа. Ердийн "Акбар" байна.
Бид хоёрын яриа ингэж эхлэв.
Өөртэй нь утсаар яриад ирэх хооронд жаал бэлтгэсэн бололтой. Авдарнаасаа нандин зүйлсээ гаргаад, зураг хөргийг нь авахад хэдийнэ бэлдчихэж. Тэгсэн мөртлөө хүүхдийнх нь тоглоом хөл дор хөглөрнө. Ийм үед яахаа мэдэхгүй зогсоход “За, энэ ч яахав. Ингээд байж байх ёстой юм шиг л байж байдаг юм” гэж дотогш урилаа. Бүтээлдээ бие сэтгэлээ бүрэн зориулж яваа нэгэн гэдгийг нь ч илтгэх шиг.
Тэрбээр 1993 оноос “Дуут урлан”-г үүсгэн байгуулж, эрхлэн ажиллуулж иржээ. Алт мөнгө, эсгий, мод гээд бүтээл гарч болох бүхнээр урладаг сийлбэрч, уран дархан нэгэн. “Манай урлан авьяас чадвар, хүний мөс чанар гээд бүх талаараа шигшигдэж үлдсэн таван ажилчинтай. Уг нь, урлан маань оргил үедээ 20 гаруй ажилчидтай байсан” гэж үргэлжлэх түүний яринаас жинхэнэ бүтээлч хүний бардам зан цухалзана. Ингэж хэлэхийн учир нь түүнийг өмнөд хөрш “Урлах, бүтээх арга туршлагаа зааж өгөөч” хэмээн өндөр цалин амлаж, ажилд урьсан удаатай. Гэсэн ч Д.Баярхуяг очоогүй гэдэг. Гадныхан манай өв соёлыг харж, бахархаж, биширч болно. Харин дуурайж, хуулж болохгүй. Одоохондоо яахав дээ. Улс орон маань дөнгөж хөгжиж байна. Бүтээлч хүмүүстээ төдийлэн хүрч ажиллаж, хөрөнгө мөнгөөр тусалж чадахгүй байна. Тэглээ гээд гадагш гараад бүх зүйлээ хүний хоол болгож болохгүй шүү дээ. Тэгж худалдагдаж болохгүй. Аяндаа болно. Тийм биз дээ”. “Намайг хүмүүс мангар юм уу. Ээмэг хийгээч. Мөнгөн аяга хийгээч. Хүмүүс их авдаг юм гэж ятгадаг, загнадаг. Гэхдээ би тэгэхгүй гэж их аятайхан хэлдэг л дээ. Мөнгө бодоод л эхэлбэл, бүтээл гардаггүй байхгүй юу” гэх эрхэмтэй ярилцлаа.
-Эртний эдлэл гэхээр үе дамжин өвлөгдөн хадгалж ирсэн бүтээл, эдлэл байдаг биз дээ. Түүнийг дахин шинэчилж, засах, шинээр бүтээх нь магадгүй нөгөө л зохиогч, бүтээгчийн эрхийг зөрчиж байгаа хэрэг биш үү?
-Эртний эдлэл гэдэг үе дамжин уламжлагдаж ирсэн эдлэл, бүтээл мөн. Гэхдээ хүмүүс хүний зовлон жаргал шингэсэн хуучин юм хэрэглэх дургүй байдаг. Тиймээс шинэ болгоод өгөөч гээд аваад ирнэ. Эсвэл дахиад нэгийг хийгээд өгөөч гэнэ. Ер нь, эртний эдлэл бүтээлүүд тухайн цаг үеийнхээ түүх, өв соёлын шинж, утгыг агуулдаг. Нэг зураас , цэг хүртэл алдаж болохгүй. Цэгэнд ч учир байж болно шүү дээ. Их нарийн. Тиймээс унших, судлах зүйл ч их. Нөгөө талаас улс орныхоо түүх, соёлын дурсгал, бэлгэ тэмдгийг авч, аварч үлдэж байгаа сайн үйл. Миний хувьд хүний бариад ирсэн юмыг хэчнээн сайхан байлаа ч дахин хийж, хувилж зарж, борлуулдаггүй. Уран бүтээлч хүнд тийм ёс суртахуун байж болохгүй. Харин судалсан түүхийг хадгалж шинэ санаа нэмэрлээд өөрийн мэдрэмжээр шинэ загварууд гаргаж ирж болно. Азаар манай ард түмэн агуу түүхтэй улс. Судалж дуусахгүй. Ийм нөхцөлд санаа хулгайлна гэдэг санаанд багтахгүй байна.
-Урлах, сийлбэр хийх урлагт анх хаана, хэрхэн суралцаж байв. Үүгээрээ л ажил амьдралын гараагаа эхэлж байсан уу?
-Энэ авьяас миний генд хадгалагдсан юм шиг байгаа юм. Миний өвөөгөөс уламжлагдаж ирсэн гэж хэлж болно. Аавын минь аав юмханаар юм хийдэг хүн байсан. Хажууд нь би тусалж, дагаж, дуурайж гүйж явсаар юм юманд сонирхолтой болсон доо. Нэг ёсондоо, гар урлал, сийлбэр миний хобби болсон. Даавуу бол даавуу, эсгий бол эсгий. Чулуу, мод гээд юу ч байсан бариад суудаг хүүхэд байлаа. Одоо ч хэвээрээ. Нухаад л сууна. Одоо манай хүүхдүүд яг ийм. Тэгэхээр ген байгаа биз. Гэхдээ анх энэ авьяасаараа хоолоо олж иднэ шүү гэж ерөөсөө бодож байгаагүй. Би барилгын техникч мэргэжилтэй. Бусад залуу гэр бүлийн адил янз бүрийн ажил хийдэг байлаа. Цалин авна. Ерөн хэдэн оны үед юун уран бүтээл. Юм бариад суувал хүүхдүүд хоосон хонох хэрэг гарна шүү дээ. Гэхдээ хүн ер нь сонирхолтой юмаа эртхэн бариад авсан нь дээр шүү.
-Таныг эртний эдлэл сэргээхээс гадна бурхан бүтээдэг гэсэн. Энэ тухайд?
-Шаардлага гарвал бурхан урлана аа. Гэхдээ бурхан урлана гэдэг тийм амар ажил биш. Маш хүнд даалгавар.
-Бурхан бүтээх амаргүй гэлээ. Энэ нь сүсэг бишрэлтэй холбоотой юу?
-Маш сайн сахилтай байж бурхан бүтээдэг юм. Энэ хугацаанд эмэгтэй хүнтэй ч ойртохгүй. Архи уухгүй. Бие сэтгэлээ ариун байлгаж байж урлаж бүтээх учиртай юм. Анх залуу байхдаа “Жанрайсаг бурхан”-ыг бүтээх ажилд тусалж байсан. Туслаад ч гэсэн энэ агуу том бүтээлд бие сэтгэлээрээ оролцож чадсандаа бахархдаг. Энэ их том хувь заяа шүү.
-Архи гэснээс таныг энэ муу зуршилд автаж явсан үе бий гэсэн. Түүгээр зогсохгүй дүүргийнхээ 9 хүнийг архинаас гаргасан гэх юм билээ?
-Тийм шүү. Би архи ууж алдсан цаг хугацаандаа их харамсдаг. Би муу явах тавилантай байсан бол өнөөдөр архинаас гараагүй л байгаа. Гэтэл би гарчихсан. Тэгэхээр одоо хийж, бүтээх хэрэгтэй.
-Яаж архинаас гарсан тухайгаа дэлгэрэнгүй яриач. “Энэ муу усыг уухгүй” гэсэн ч чадахгүй хүмүүс олон байгаа?
-Санаагаараа гарсан. Зүгээр больё оо л гэж бодсон. Намайг уудаг байхад хүмүүс янз бүрийн эмчилгээ хийлгэ энэ тэр гээд үглэдэг байлаа. Би тийм юм хийлгэж байгаагүй. Гэхдээ энд нэг юм байдаг юм шүү. “Архиа ууж яваад үхнэ ээ яадаг юм” гэсэн хадаас бодлыг тархинаасаа авч хаях хэрэгтэй. Энэ хадаасыг авч хаясан цагт л архинаас гарна. Уг нь, би 9 биш 13 хүнийг архинаас гаргасан юм. Гэтэл дөрөв нь буцаад орчихсон. Тэр хадаасыг нь бүрэн авч хаяж чадаагүй л байхгүй юу. Миний энэ хичээл зүтгэлийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ганболд хувиасаа их сайшаасан. Бүр баярлалаа гэж хэлсэн. Надад ч урам өгсөн. Ер нь, хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ.
-Тэгвэл таныг гараасаа гарсан хамгийн сайн бүтээлээ нэрлээч гэвэл?
-Энэ бүтээл миний ээжтэй холбоотой. Ээж бид хоёрын түүх л дээ. Гэхдээ жаахан гунигтай. Хүн гэдэг чинь их тэнэг амьтан шүү дээ. Мөн л 1990–ээд онд юм. Би ажил хийгээд бүтээл дээрээ сайн сууж чаддаггүй байсан үе. Ээж минь манайд ирээд 21 зул барих гэтэл манайд багтааж тавих ширээ байгаагүй. Тэгээд яахав дээ. Ээж минь хажуу айлаас паркетин шалны өөдөс авч ирээд намайг “Үүгээр нэг ширээ хийгээд өг “ гэхэд нь би уурлаж байсан юм. ”Намайг байсаар байхад айлаас дэмий юм гуйлаа” гэж. Тэгсэн мөртлөө ээжийгээ бурхан болтол нь ширээг нь хийж өгч чадаагүй. Дараа нь л харамсдаг юм. Тэгээд би ээждээ зориулж нэг бурхны гүнгэрваа хийсэн. Хийц загвар одоо ч таалагддаг. Хүн бүрийн нүд харааг булаасан энэ гүнгэрваадаа цаг ямагт аав ээжийн зураг, бурханаа оршоож байгаа даа. Энэ л миний гараас гарсан хамгийн үнэтэй бүтээл минь юм даа.
-Таныг гадныхан урьж залдаг. Арга техникээсээ зааж өгөөч гэдэг. Гэтэл таныг явдаггүй гэж сонссон?
-Улс орон мөнгөгүй. Ард иргэд нь ядуу байгааг гадныхан далимдуулаад ийм тийм саналууд их ирнэ. Гэхдээ би үгүй гэдэг. Монгол хүн юмаа сонирхоод ирвэл би баярлана. Гэтэл гадныхан сонирхоод байхад дургүй. Монголчууд дотроо ч сонирхогч нар олон янз байна шүү дээ. “Хөөх энэ ямар сайхан юм бэ. Ёстой эртний эд байна” гэж байхад “Хүүе, энэ алт юмуу, мөнгө юмуу. Хэд гэж байгаа юм” гэж шуналын харцаар сонирхох нь ч байна. Ямар ч нүдээр харсан бай, тухайн бүтээлд зах зээл байна гэсэн үг. Нөгөө талаас, металл бол түүхийн явцад удаан элэгддэг материал. Түүх соёл, өв уламжлалаа аль болох төмөр, металл дээр авч үлдэх ёстой.
-Тэгвэл эндээс таны ажил эхлэх юм биш үү. Үнэндээ би ч гэсэн нэг домботой болмоор байна. Ингээд мөнгөөр бүрчихээр их үнэтэй болох уу. Модоор ч болтугай хийгээд борлуулж болдоггүй юм уу?
-Яг үүнийг одооноос бодож эхлээд байна. Айл бүрийг домботой болгохыг зориод байна. Яаж хийвэл хямд төсөр болох бол. Дундаж орлоготой хүмүүсээс гадна бага орлоготой иргэд маань ч аваад хэрэглэж болохоор хэрэглээнд нэвтрүүлэх талаар судалж сууна. Домбо нь дотроо халуун саваа суулгачихаар одоогийн хэрэглээд байгаа халуун савны үүргийг гүйцэтгэж байгаа юм. Бас дангаар нь хийж болно. Ер нь, манайд домбоны бэлэн есөн загвар байгаа. Хийх гээд бэлэн болсон 16 загвар бий.
-Тэгээд яагаад хийхгүй байгаа юм бэ. Монголчууд харьцангүй уламжлалт зүйлдээ дуртай. Болж өгвөл авч хэрэглэхийг зорих нь дамжиггүй?
-Төрөөс дэмжихгүй байна гэхэд хаашаа юм. Гэхдээ л одоо бүх юм зоос болсон. Үнэндээ санаа их. Сачий нь газар байгаад байна. Өнөөг хүртэл нэг ч зээл тусламж авч байгаагүй. Ер нь, нэг хөөцөлдөөд үзвэл яах бол гэж бодох юм. Харин манай иргэдийн хувьд дотроо байгаа гэхээсээ илүүтэй гадаадад байгаа монголчууд их сонирхож байна. Намайг зорьж ирээд эртний эдлэл, түүх соёлын өвийг харуулсан бүтээл худалдаж авдаг. Хүмүүс их сонин. “С.Жавхлангийн эхнэр ийм ээмэг зүүсэн байна. Үүнээс оё хийж чадах уу та” гэж орж ирэх нэгэн ч бий. Өнөөг хүртэл ээмэг, зүүлтхэн хийж явсангүй.
-Таныг хамтарч ажиллах түнш хайж байна гэж ойлгож болох уу. Хамтарч чадвал зах зээлд эрэлттэй байгаа бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой гэсэн үг үү?
-Хамгийн гол нь эндээс бизнесийн орон зайг харсан. Үүнийг бизнес болгоход амжилт. Хийж чадахгүй байгаа нь хүсэл. Хөшүүрэг нь хөрөнгө хэрэгтэй байгаа гээд олон юм ярьж болно л доо.
-Танд би шүүмжлэлттэй хандах гээд байна л даа. Асуудлыг их холоос хараад байгаа юм уу даа. Таниас ур чадвар дутуу ч цэвэр модоор, ямар ч маяггүй жижигхэн талхны таглаатай модон таваг хийгээд 20 мянган төгрөгөөр борлуулдаг ахыг мэднэ. Иргэдийн дунд ийм таваг байгаа болохоор эрээний хуванцар таваг хэрэглээнээ гарч байна. Тэгтэл та ээмэг мэтийн жижиг зүйл хийж байгаагүй гээд суух юм?
-Тийм, тэр хүмүүс надаас арчаатай байна. Тэд ур чадвараараа амьжиргаагаа залгуулаад аваад явж байна. Харин би нэг бүтээл гаргах гэж хэдэн сар болдог. Энэ хугацаанд материалын мөнгө хүнээс зээлэх явдал ч бий. Саяхан эхнэрийн ээмэг, бөгжийг ломбардаад, ажилчдынхаа цалинг тавьсан. Одоо загнуулаад сууж байна. Бас хүүхэд юунд гэнэ үү орсон. Цагаан өмд хэрэгтэй байна гээд л мөнгө нэхэж байна. Хэрэв би ийм маягаар ажиллаад эхэлбэл, амьжиргаагаа дордох юмгүй аваад явна. Гэхдээ мөнгө бодоод л эхлэхээр гараас урлагийн бүтээл гардаггүй байхгүй юу. Нөгөө талаас “Сайн дархан гурван үеийг өнгөрөөх чанартай юм хийх ёстой” гэсэн үг байдаг. Гэхдээ цаашид энэ тал дээр яаж ажиллах вэ гэдгээ бодож сууна. Эхлээд айл бүхнийг домботой болгох бодол байна.
-Энэ сарын сүүлээр Өвөрмонголын Бугатад Монголын соёлын өдрүүд болно. Үүнд Монголоо төлөөлж оролцож байгаа гэсэн. Энэ тухайд?
-“Мишээл экспо”-гоос ийм ажил өрнүүлж байгаа юм. Хэд, хэдэн газар хамтарч зохион байгуулж байгаа юм. Их гоё арга хэмжээ болдог. Үүнд бэлтгэх ажил ч бас байна. Өнгөрсөн шөнө урлан дээрээ л хонолоо. Би ажилчдаа хоолгүй байлгах дургүй. Харин нойргүй байлгах дуртай.
-Таны зүгээс залуустаа хандаж хэлэх үг бий юу. Ахмадаас үг сонс гэдэг?
-Заяа тавилан гэж байна аа. Хичээсэн ч бүтэхгүй юм байна. Хичээхгүй байсан ч бүтээд байгаа нь байна. Нөгөө талаас сэтгэл их чухал. Сүхбаатар дүүргийн засаг даргын орлогч дарга Л.Нармандах сэтгэлээрээ их дэмжиж, ажилладаг. Баярлаж явдгаа хэлэхэд буруудах юу байхав. Нөгөө талаас залуучууддаа хандаж хэлэхэд “Одоо хаана ямар цаг үед амьдарч байгаа гэдгээ мэдэр. Муу байна, муухай байна гэж битгий гутар. Гутарч битгий яв. Асуудлаа сөрөх хэрэгтэй. Маргааш дэлхий сөнөнө гэсэн ч алимны мод тарь гэдэг үг бий. Залуу насаа хожим харамсахаар битгий дэмий өнгөрөө” гэж хэлье дээ.
Т.Ундрал Эх сурвалж: Newscom.mn