ТҮЦ-ҮҮДЭЭС АВТОБУСНЫ БУУДЛАА ЧӨЛӨӨЛЬЕ
“Хаана, чөлөөлнө, ачина” гэх шийдвэр хатуу сонсогдох ч нийтийн эрх ашгийн төлөө хэрэгжүүлээд явахаас аргагүй болсныг ойлгох биз ээ.
Наадмын өмнөхөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа эрхэлдэг хоолны газруудыг хаах санал гаргасан. Харин одоо Сүхбаатар дүүрэгт байрлах ТҮЦ /Түргэн үйлчилгээний цэг/ -үүдийг нүүлгэж, газрыг нь чөлөөлөх арга хэмжээ авна.
Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 50 автобусны буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болсны дагуу дээрх ажлыг хийх болжээ.
Газраа чөлөөлөх шаардлага авсан ТҮЦ-үүд нь Сүхбаатар дүүргийн Долоон буудал 17-р сургуулийн замын зүүн, 32-ын тойргийн зүүн, Ногоон нуурын буудал, Шинэ замын зүүн, баруун тал, Их тойруу Ардын эрх /Үндэсний шуудан/ сонины урд, 100 айл Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн өмнөх талбай, Нарны зам Энхтайваны гүүрний хойд талд орших автобусны буудлын дэргэд байрладаг аж. Эдгээр ТҮЦ-үүдийг чөлөөлснөөр газарт нь зорчигчдод зориулж саравч, суудал, мэдээллийн самбар, хогийн сав зэргийг байршуулсан орчин үеийн шийдэлтэй автобусны буудал барих юм.
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор автобусны буудлуудыг тохижуулах ажлыг хэдэн жилийн өмнөөс хийж эхэлсэн ч газар нь ТҮЦ-үүдэд эзлэгдсэнээр энэ ажлыг хийхэд хүндрэл учрах болсон. Тодорхой хугацаа өгч, заасан хугацаанд багтан нүүх санал тавьдаг ч хэрэгжүүлдэг нь цөөн. Харин ч “ТҮЦ ачвал амиа хорлоно” гэж айлгасан нь бий. Өөрсөддөө ажлын байр бий болгож байгааг нь буруутгах аргагүй ч найр тавьж ирсэн зарим харилцаа эргээд сөрөг үр дагавар дагуулах болсон юм.
Хоёр жилийн өмнө Улаанбаатар хотын хэмжээнд 1300 гаруй ТҮЦ ажиллаж байснаас 800 нь зөвшөөрөлгүй байв. Энэ бол хууль, журмыг хэрхэн хэрэгжүүлдэгийн нэг жишээ болсон юм.
ТҮЦ ажиллуулах бол дүүргээсээ зөвшөөрөл авах ёстой гэдгийг мэддэг хэрнээ зөрчсөн.
Дээр нь дүүргийнх нь Мэргэжлийн хяналтаас шалгалт хийхэд зөрчил ихээр илэрдэг. Хаадаг ч буцаагаад нээдэг. Заримыг нь албадан нүүлгэж, ачдаг ч арав хоногийн дараа буцаад ирэх тохиолдол цөөнгүй. Ганц ТҮЦ-тэй хөөцөлдөөд бусад ажлаа цалгардуулалтай биш ахин, дахин хөрөнгө гаргах ч арга байдаггүй. Эцэст нь орхидог.
Гэтэл тэд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн эсвэл хугацаа нь хэзээ дуусах нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн зарж, өр өшиглөх нь бий. Хааяа нэг Мэргэжлийн хяналтаас шалгалт хийхэд тэнцдэг ТҮЦ байдаггүй, бүгд зөрчилтэй. Гэсэн ч худалдаагаа хийнэ. Дархан цаазат худалдаа эрхлэгчид гэж хэлсэн ч буруудахгүй.
Хамгийн ноцтой нь баталгаагүй хүнсийг худалдан авагчид нь гол төлөв хүүхдүүд. Цэцэрлэгийн насныхнаас эхлээд сурагчид.
Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр ТҮЦ-үүдийн хамгийн их ашиг унагадаг бизнес нь тамхи болж хувирсан.
Насанд хүрээгүй хүүхдэд ч тамхи худалдана. Үйлдэл дээрээ гардуулчихгүй л бол хүний нүд хариулаад л зараад байна.
Дээр нь энэ төрлийн бизнес эрхлэгчид хаана “морь хардаг” нь өнөө хэр нь ойлгомжгүй байдаг. Шөнө оройн цагаар ТҮЦ-нийхээ гадаа хүний нүд хариулж бие засдаг гэх шүүмжлэл олонтаа яригдсаар ирсэн ч одоо хэр нь шийдэл олоогүй л байна.
Өөрөөр хэлбэл, нэг хүний ажил орлогоос илүү нийтийн эрх ашиг чухал тул ТҮЦ-үүдийг нүүлгэх нь хамгийн зөв алхам юм.
Тэр тусмаа зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулж байгаа, орчин тойрноо бохирдуулж байгаа ТҮЦ-үүдээ ч мөн цэгцлэхгүй бол нэг өглөө босоод ирэхэд л байрны өмнө орших автобусны буудал дагуулаад ТҮЦ байршуулчихдаг боллоо
Г.ХОРОЛ