Х.БОЛОРМАА: ГЭР ХОРООЛОЛ РУУ ЧИГЛЭСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТҮЛХҮҮ ХИЙНЭ
-Хичээлийн шинэ жил эхэллээ. Танай дүүргийн хувьд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэр байна вэ?
-Бид 2018-2019 оны хичээлийн жилийн бэлтгэлээ бүрэн хангасан. Дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 25, төрийн бус өмчийн 22 ерөнхий боловсролын сургуульд 36 мянга орчим сурагч суралцана. Харин төрийн болон төрийн бус өмчийн 65 цэцэрлэгт 12 мянга гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна. Бид боловсролын салбартаа хамгийн их анхаарал хандуулж ажилладаг. Тухайлбал, энэ жил дүүргийн Х хороонд байрлах 17 дугаар цэцэрлэгт Японы Засгийн газрын буцалтгүй тусламж, “Өвсний үндэс” хөтөлбөрийн 172 сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн засвар хийлээ. Мөн 13 дугаар хороонд байрлах 51 дүгээр цэцэрлэгт Дэлхийн банкны “Цэвэр агаар” төслийн хүрээнд 138 сая төгрөгийн санхүүжилтээр дулаалга хийсэн. Дүүргийн 260 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван төсөл арга хэмжээг хэрэгжүүллээ. Мөн ЭЕШ-д амжилттай бэлтгэх зорилгоор Боловсролын хэлтэстээ зургаан сая төгрөгийн үнэ бүхий шалгалтын материал буюу тестийн хариу уншигч “Remark Office OMR” маркийн скайнерыг авч өгсөн. Өнгөрсөн хавар ЭЕШ эхлэхээс өмнө дүүргийн бүх сургуулиуд ахлах ангийн сурагчдаасаа тестийн шалгалт авсан байгаа. Ингэснээр хүүхдүүд, багш нар хаана, юун дээр алдаж байгаадаа дүгнэлт хийх боломж бүрдэж байгаа юм. Энэ жил 71 дүгээр сургуулийн өргөтгөлийг улсын төсвөөр барихаар тусгасан. Одоогоор газрын асуудал шийдэгдсэн. Тиймээс он дамжиж сургуулийн өргөтгөл баригдана гэж ойлгож болно. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 54 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл 54, 143 дугаар цэцэрлэгийн дээврийн засварт тэрбум 500 гаруй сая төгрөгийг тусгаж, ажил нь хийгдээд явж байна.
-Дүүрэгтээ гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг эрчимтэй хийж байгаа гэж сонссон?
-Миний хувьд гэр хорооллоос дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болж байсан учраас тэдний тулгамддаг асуудлыг сайн мэднэ. Энэ утгаараа Засаг дарга байх хугацаандаа гэр хорооллын гэрэлтүүлэг, камержуулалтын асуудлыг шийдье гээд ажиллаж байна. Бид дүүргийнхээ 11-20 дугаар хороог 2017, 2018 онд бүрэн гэрэлтүүлэг, камержуулалттай болгох зорилт тавьсан. Ингээд өнгөрсөн оны дөрвөн тэрбум 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтынхаа хоёр тэрбум 200 сая төгрөгөөр 1280 гэрэлтүүлэг тавьсан. Харин энэ жил гэрэлтүүлгээ дагаад хойд талын хороодоосоо эхлээд 240 орчим сая төгрөгийн өртөг бүхий камержуулалтыг хийж байна. Гэрэлтүүлэггүй газарт камер тавиад ямар ч хэрэггүй. Тиймээс гэрэлтүүлэгтэй нь уялдуулж камержуулалт хийж байгаа юм. Түүнээс гадна иргэдээс хамгийн их ирүүлдэг санал хүсэлт болох худаг, зам, сургууль, цэцэрлэг гээд зөндөө асуудал бий. Энэ бүгдийг дүүргийн төсөв санхүүд тааруулан боломжийнхоо хэрээр шийдэж байна. Сургууль, цэцэрлэг нэн шаардлагатай хороод ч байна. Эдгээрийг улс, нийслэлийн төсөвт суулгахаар холбогдох хүмүүстэй биечлэн уулзаж, дээд шатны байгууллагад санал хүсэлтээ уламжилдаг. Өмнөх 2012-2016 онд байшин хороололд тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хангалттай хийсэн. Гэвч гэр хороололд шавар, шавхай, халтиргаа, гулгаа, хөрс, агаарын бохирдол тулгамдсан асуудал хэвээр байна. Эмэгтэй хүний хувьд дүүргийнхээ 140 мянган иргэний Үндсэн хуулиар олгосон амьдрах эрхийг адил тэгш эдлүүлчих юмсан гэдэг бодолтой ажиллаж байна. Энэ зорилтоо хэрэгжүүлэх үүднээс хамт олон, хариуцсан хэлтэс, албадын дарга нартайгаа ярилцаж, мөрийн хөтөлбөр тухайн оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд иргэдийнхээ саналыг тусган гэр хороолол руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэлээд хийнэ.
-Гэрэлтүүлэг, камер нэмэгдэхээр гэмт хэрэг буурах байх?
-Энэ бол ойлгомжтой. Дүүргийн цагдаагийн хэлтсүүдээс ирдэг 14 хоног тутмын нөхцөл байдлын мэдээгээр хулгайн гэмт хэрэг буурч байгаа нь харагддаг. Үүнд гэрэлтэй гудамж, камертай бүс тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа болов уу. Би нэг жишээ дурдахад Сүхбаатар дүүрэг нийслэлд анх удаа “Хог хаягдлын ухаалаг систем”-ийг нэвтрүүлсэн. Энэ ажлын хүрээнд төвийн хорооны хог хаягдал ихтэй 25 байршилд нэг чигийн болон 360 градус эргэдэг камер, гэрэлтүүлэг бүхий хогийн цэгийг байгуулсан юм. Үүнийгээ дүүргийн ЗДТГ-аас нэгдсэн удирдлагын төвөөр хянадаг. Зарим иргэн зориулалтын цэгт хогоо хаядаггүй, хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хуваарийн дагуу ачихгүй байна гэх гомдлууд ирдэг. Эдгээрийг нэгдсэн удирдлагын төвөөс камераар хянаад дуудлага өгч ажиллаж байна. Мөн төвийн хороодод тавьсан 360 градус эргэдэг камер машины хучлага хулгайлдаг этгээдүүдийг илрүүлсэн. Эндээс л камер, гэрэлтүүлэг хийсний үр дүн харагдаж байгаа юм.
-Төсвийн тухай хуулиар танай дүүргийн нийслэлд төвлөрүүлэх хөрөнгө нэмэгдсэн байх аа. Түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Өнгөрсөн дөрвөн жилд хөрөнгө оруулалтын хувьд таатай үе байсан. Харин 2017 оноос эсрэгээрээ дүүргийн нийслэлд төвлөрүүлэх ёстой төлөвлөгөө өндөр тавигдсан. Өөрөөр хэлбэл, 2012-2016 онд манай дүүрэг 5.2 тэрбум төгрөг төвлөрүүлдэг байсан бол өнгөрсөн онд 36.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ жил 29 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээгээд сууж байна. Үүнийгээ дагаад хөрөнгө оруулалт буурсан. Өмнө нь дүүргийн хөрөнгө оруулалт 18-24 тэрбум төгрөгт хүрдэг байсан бол өнөөдөр өнгөрсөн онтой нийлээд дөрвөн тэрбум төгрөг байна. Энэ оны хөрөнгө оруулалт гэхэд хоёр тэрбум төгрөг. Эндээс маш их ялгаа гарч байгаа биз. Үүнийг дүүргийн иргэд маань ойлгоосой гэж бодож байна. Түүнээс хэн нэгэн хүнтэй, тухайн үеийн хөрөнгө оруулалттай харьцуулалт хийж, буруутгах гэсэнгүй.
-Төсөв, санхүүгийн асуудал ярьсных асуух асуулт байна. Таныг төсвийн мөнгийг үргүй зарцуулсан, хувьдаа завшсан гэх асуудлаар огцруулах тухай яриа гарч байсан?
-Дүүргийнхээ Засаг даргын орлогчоор дөрвөн жил, түүнээс өмнө дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан гээд бодохоор би ажил, амьдралынхаа багагүй хугацааг энэ дүүрэгт өнгөрөөсөн байна. 2016 оны орон нутгийн сонгуулиар дүүрэгт АН олонх болж, би Засаг даргаар томилогдсон. Энэ хоёр жилийн хугацаанд хэсэг бүлэг хүмүүс улс төрийн увайгүй үйлдэл, худал гүтгэлгээр намайг харлуулах гэсэн, Засаг даргаас буулгах оролдлогыг хийлээ. Үнэн юм үнэнээрээ л сайхан. Би тэр хүмүүс шиг хэвлэлээр бичүүлж, хууль, хяналтын байгууллагаар хэл ам хийж явсангүй. Хууль, хяналтын байгууллага нь шалгаад үнэнийг тогтооно биз гэсэн бодолтой өмнөх ажлаа хийж явсан. Намайг ах дүүгээ ажилд авсан уу, төсвийн мөнгийг үргүй зарсан байна уу гэдгийг тогтоохоор АТГ, Эрүүгийн цагдаагийн газар шалгасан. Багагүй хугацаанд шалгадаг, хянадаг юм байна. Тэгээд эдгээр байгууллагууд намайг ямар нэгэн хууль зөрчөөгүй, үндэслэлгүй гэдгийг тогтоосон. Миний хувьд үнэн, зөв явахыг хичээдэг. Төрийн албаны ёс зүй, хувь хүн талаасаа нийгмийг зөв зохистой авч явахын тулд шударга байхыг хичээж байна. Тийм ч гэр бүлийн хүмүүжилтэй өссөн. Надад төрийн мөнгийг шамшигдуулж, идэж уух, хүсэл, атгаг санаа байхгүй гэдгийг ч хариуцлагатай хэлмээр байна.
-Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймаг гээд анзаараад байхад АН, МАН-ын төлөөлөгчдийн тоо ойролцоо газруудад огцруулах асуудал гараад байна уу даа?
-Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчөөс 19 нь АН, 16 нь МАН-ын төлөөлөгч байдаг. Тооны зөрүү бол ойролцоо. Уг нь нэгээр илүү бол мянгаар илүү гэдэг үг бий. Гэтэл бодит байдал дээрээ өөр юм. Эндээс л улстөржилт бий болж байна.
-Ил задгай зөвшөөрөлгүй худалдаа эрхлэлтийг зогсоох, нүүлгэн шилжүүлэх ажил сүүлийн үед эрчимжиж байна. Танай дүүрэгт мөн нийтийн эзэмшлийн талбайд худалдаа эрхэлдэг хэд хэдэн цэг байдаг. Тухайлбал, 32-ын тойрог орчим элс, хайрга худалдаалах цэг болсон гэж болно. Эдгээрийг цэгцлэх, нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа ажилтай хэрхэн уялдуулж байгаа юм бол?
-Дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр 32-ын тойрог орчмын асуудал миний шүдний өвчин болж байна. Би 2-3 удаа очиж, хайрга, дайрга, элс шороо худалдаалдаг иргэдтэй уулзсан. Тэр орчинд амьдарч байгаа иргэдээс байнгын гомдол ирдэг. Зөвхөн XII хороо гэлтгүй залгаа XI, XIII хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад сөргөөр нөлөөлж байсан учир энэ ажлыг нэг тийш нь болгохоор тууштай ажиллаж байгаа. Энд элс хайрганы болон хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээ эрхэлдэг 50 орчим иргэн байсан. Ажлын хэсэг гаргаж цагдаа, мэргэжлийн хяналт, газрын албатай хамтран хяналт тавьж ажиллалаа. Иргэдийн ухамсар ч харьцангуй сайжирсан байна. Өнөөдрийн байдлаар долоон иргэн л үлдсэн. Зөрчлийн тухай хуулийн дагуу сонсох үйл ажиллагааг нь хийж, иргэдтэй зөвшилцөж байна. Уг нь дүүргээс газрыг нь шийдвэрлэж өгөх саналыг тавьсан ч манай дүүрэгт өгөх газар даанч алга. Байгаа нь иргэдийн машин, техник орох боломжгүй гуу, жалга гэх мэт байна. Үүнээс гадна малтай айлуудаа нийслэлээс гаргах ажлыг хугацаанд нь хийж дуусгалаа. Нийт 189 өрхийн 3700 гаруй малыг зөвшөөрөгдсөн бүс рүү гаргасан.
-Нийслэлээс 100 айл захыг нүүлгэнэ гэж байгаа. Иргэдийн дунд зөв, буруу гэх шүүмжлэл явах юм. Засаг даргын хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Би нийслэлийн ИТХ-аас байгуулагдсан Ажлын хэсэгт багтан ажиллаж байгаа. Ажлын хэсэг олон удаагийн уулзалт, ярилцлагыг 100 айл захын худалдаа эрхлэгчидтэй хийж байна. Нүүлгэлтийг гурван шаттай хийнэ. Одоогоор эхний шатны ажил хийгдэж байна. Үүнд, хөрс, агаарын бохирдол үүсгээд байгаа чулууны болон төмрийн үйлдвэрийн үйл ажиллагааг нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс зогсоосон. Эдгээр үйлдвэрүүдийг Налайх дүүрэг дэх “Барилгын материалын төв” рүү шилжүүлэх ажлыг шат дараатай хийх юм. Ер нь Улаанбаатар хотын төвд үйлдвэр байна гэдэг маш буруу бүтэц, зохион байгуулалт. Гаднын бусад оронд үйлдвэрүүд, худалдааны томоохон цэгүүд нь бүгд хотын төвөөсөө гадна буюу захдаа байрладаг. Манайх анхнаасаа төлөвлөлт буруу явсан нь өнөөдрийн замын түгжрэл, агаар, хөрсний бохирдлын эх үүсвэр болоод байгаа хэрэг. Тиймээс энэ олон үйлдвэрийг хотоос гаргах ёстой. Энэ бүхэн тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг төдийгүй Үндсэн хуулиа зөрчиж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, явган хүний зам дээр ил задгай худалдаа эрхэлж байсныг зогсоосон. Барилга, худалдааны байгууламж дотор худалдаа, бизнес эрхлэх нь нээлттэй. Ажлын хэсэг бүгдийг нь тооцоо, судалгааны үндсэн дээр хийж байгаа.
-Хөрсний бохирдлоос гадна агаарын бохирдол, утааны асуудал хаяанд ирлээ. Ер нь утааг бууруулах болон өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базааж байгаа вэ?
-Дүүргийн хэмжээнд хог хаягдлаа цэвэрлэх, авто замын халтиргаа гулгаа, нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэх зэрэг өвөлжилтөд бэлтгэх ажил их байгаа. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 80 гаруй хувьтай байна. Нэг л өдөр цас орно. Элс, давс, бодисоо бэлэн байлгах хэрэгтэй. Тиймээс нөөцөө бэлтгэсэн. Засгийн газраас ирэх оны тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон байгаа. Иймд төр засгаас өгсөн тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Мөн дүүргийн сургууль, цэцэрлэг, зарим аж ахуйн нэгжийн уурын зууханд агаар шүүгч тавьсан гээд шаардлагатай арга хэмжээгээ авч байна.
-Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд ямар арга хэмжээ авч байгаа юм бол?
-Дүүргийг удирдана гэдэг бол иргэдийнхээ сайн сайхан амьдралыг хангахын тулд бүх л салбарт хүрч ажиллах үүрэг хүлээдэг. Тийм учраас эрүүл мэндийн салбартаа ч гэсэн анхаарлаа хандуулан ажиллаж байна. Өсвөр үеийн эрүүл мэндийг дэмжих зорилготой “Эрүүл залуус” аяныг зохион байгуулж, оюутан залуусыг сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх үзлэг, шинжилгээнд нийтдээ 3000 гаруй багш, ажилчид, оюутан залуусыг хамруулжээ. Сүрьеэ нь өндөр өртөг, цаг хугацаа, тэсвэр хатуужил шаарддаг өвчин учраас эрт илрүүлэг маш чухал. Мөн дүүргийн ЕБС-ийн өсвөр насны ахлах ангийн сурагчдын 90 орчим хувийг нөхөн үржихүй, дотор, чих хамар хоолой, сэтгэцийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, зөвлөгөө мэдээлэл өглөө. Түүнчлэн бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх чиглэлээр өрхийн Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран сургууль, цэцэрлэгийн 19 мянга гаруй хүүхдийг үзлэгт хамруулж чадсан. Эрүүл мэндийн төвүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд шаардагдах нэг удаагийн тест, оношлуур, даралт хэмжигч аппарат гэх мэт нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байна.
-Төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хүнд суртлыг арилгах асуудал яригдах боллоо. Сүхбаатар дүүрэг энэ чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?
-Дүүргийн хэмжээнд дээд шатны байгууллагаас ирсэн хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Бид дүүргийн ЗДТГ-ын бүх албан хаагчдадаа сахилга, хариуцлагатай ажиллах чиглэлээр гурван ч удаа үүрэг, чиглэл өгсөн. Нөгөө талаас төрийн албаны нэр хүндийг унагаж байгаа зүйл нь хувь хүний төлөвшил, хандлага, харилцаа, төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл юм. Тэгэхээр төрийн албан хаагч гэдэг бол ёс зүйгээ сахисан, ажилдаа хариуцлагатай, мэдлэг ур чадвартай байх ёстой. Нийгэм ч өөрөө ийм байх шаардлагыг тавьж байна.