ШИНЭЧЛЭГЧ

ШИНЭЧЛЭГЧ

Даваасүрэнгийн Бадарсан. Энэ нэр нийслэлчүүдийн хувьд хэдийнээ танил болсон. Ялангуяа, сүхбаатарчуудад. Гэхдээ тэр түмэнд сайнаар дуурсагдах алдраа өөрийн хичээл зүтгэлээр олж авсанд хэргийн учир оршиж буй. Үнэндээ Сүхбаатар хэмээх 137 мянга гаруй хүн амтай их айлын арын албыг дөрвөн жил гүйцэлдүүлэхдээ өөрөөс шалтгаалах бүхнийг хийсэн, бүтээсэн, буй болгосон бөлгөө. Д.Бадарсангийн ахлан ажилласан баг сүхбаатарчуудынхаа, дүүр­гийнхээ хөгжил дэвшлийн төлөө сэтгэл оюунаа зориулан ажиллаж буйг төр хэдийнэ сайшааж, нийслэлийн шилдэг, тэргүүний дүүргээр шалгаруулсан төдий­гүй боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтаар нь “Боловсролд ээлтэй дүүрэг” хэмээн түмэн олонд тунхагласан юм. 

Бүр жил дараалан ажил үйлсээрээ шалгарсан байдаг. Д.Бадарсан Засаг даргыг сайшаах бас нэг зүйл нь Сүхбаатар дүүргийн өнгө төрхийг хэрэгжүүлж буй бодлого, ажлын арга барил, бүтээн байгуулалтаараа бүрэн өөрчилж шинэчилж чадсан явдал. Хэдхэн жилийн өмнө Сүхбаатар дүүргийн барилга ямархуу байлаа даа. Шулуухан хэлэхэд, дүүрэг нь гэхэд л ашиглалтад ороод 60 гаруй жилийн нүүр үзсэн үүдний пин шиг байранд л үйл ажиллагаагаа явуулж байсан биз дээ. Үүдээр нь ороод Газрын алба руу нь харанхуй, нарийхан коридороор өмхөрч, цөмөрсөн шалных нь нүхэнд бүдчин бүдчин явдаг байсан цаг саяхан. Одоо тэгвэл иргэд Вашингтоны номын сан шиг том сайхан ордонд бүх үйлчилгээг нэг дороос авдаг болжээ. Ганц үүгээр сүхбаатарчуудынхаа амьдрал, нийгмийн асуудлыг шийдсэн юм биш. Засаг даргын хувьд дүүргийн ирээдүй хүүхэд багачуудаас эхэлнэ хэмээн үзэж, ажил хүлээж авсан даруйдаа дүүргийн хэмжээнд 3-4 ээлжээр хичээллэдэг байсан сурагчдын хичээлийн байр, цэцэрлэггүйн улмаас гэртээ цоожтой үлддэг сургуулийн өмнөх насны хүүхдийн асуудлыг нэн тэргүүнд тавьж, нийтдээ шинээр 16 цэцэрлэг, сургуулийн барилгыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад оруулсан байх юм. Түүнчлэн дүүргийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 118 байршилд хүүхдийн тоглоом, спортын талбай, ногоон байгууламжийг буй болгосныг уншигч та мэдэж байгаа. Зарим нь танай гудамжны өнцөгт ч байж мэднэ. Үүнээс гадна сүхбаатарчууд “Гэр хорооллын барилгажилт” төслийг хамгийн сайн хэрэгжүүлж, иргэд нь дуртайяа газраа чөлөөлж буйгаараа бусад дүүргүүдэд үлгэр жишээ болж яваа билээ. Тэр ч утгаараа тус дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн олон орон сууцны барилга ашиглалтад орсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон удаатай. Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгээ ч Засаг дарга хоёрдугаарт тавиагүй. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, түргэн тусламжийн машин, эмч, эмнэлгийн ажилтны ур чадвар, ажлын байрны нөхцөл байдал, өвчтөн, сувилуулагчдын ая тухтай байдалд онцгой анхаарал хандуулж ирснийг энд тэмдэглэн хэлэх ёстой. Өнгөрсөн жил л гэхэд 65 ортой сувиллын цогцолборыг ашиглалтад оруулсан нь өндөр настнаас авахуулаад хөгжлийн бэрхшээлтэй гээд хэн бүхний талархлыг хүлээсэн ажил болсон. Хотын төв орчмын иргэдийн алга ташин, талархсаар байгаа зүйл нь сүүлийн 50 гаруй жил хүний гар хүрээгүй сантехникийн шугам хоолойн шинэчлэлт байлаа. Мөн хот доторхи болон зуслангийн зам ямар байсныг бид мартаагүй. Харин одоо ямар сайхан болсныг нь надаар хэлүүлэх юун. Гудамж талбайн гэрэлтүүлэг, цэвэр усны хангамж, цахилгаан шугам сүлжээ, интернэт гээд бүхий л үйлчилгээ тэнд цөм буй. Энэ мэтчилэн түүний хийсэн, бүтээснийг, санаж сэдсэнийг бичээд байвал гэр хорооллын гудамжны хаягжуулалт, тохижилт, өнгө төрх, иргэдийн хөдөлмөр эрхлэлт гээд хөвөрнө. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчид гээд төсөлд хамрагдсан хэн бүхэн нь хөл дээрээ баттайяа зогсч чадсан дүүрэг бол Сүхбаатар. 

Үнэндээ Д.Бадарсан Засаг дарга хуучин цагийн төлөвлөгөөгөөр бол 30 жилийн ажлыг дөрөвхөн жилд амжуулжээ. Санаж сэдээд хийе, бүтээе гээд зүтгэвэл үр дүн нь гардгийн жишээг тэрбээр ажил үйлээрээ түмэн олонд харуулж чадсан Засаг дарга. Нөгөөтэйгүүр, түүнтэй уулзах гээд очих бүрийд иргэдтэйгээ уулзаад толгой өндийх завгүй сууж байдаг. Засаг даргын умгар өрөөнд 137 мянган хүний амьдрал тэр чигээрээ буцалдгийг тэрхэн хэдэн хоромд хэн хүнгүй мэдрээд гарцгаадаг. Олзуурхууштай нь Д. Бадарсантай уулзахаар хүлээж байгаа 20 иргэний 16-нь шинэ содон зүйл сэдчихээд түүнийгээ шийдэх зам, арга ухаанаа Засаг даргатайгаа хуваалцахаар зорьж очих нь бий. Энэ бол сүхбаатарчууд дарга шигээ хийж бүтээхийн хүсэл нь оргилж яваа хэрэг. Тийм хүнийг тэрбээр алга дэлгэн хүлээн авч асуудлыг баг хамт олноороо дэмжин, хүссэнээ буй болгох боломжоор нь хангахыг хичээдэг учраас Сүхбаатар дүүрэг ажил үйлсээрээ нийслэлд тэргүүлдэг биз ээ. Дараагийн өгүүлэх миний сэдэв бол нийслэлийн өнгө үзэмж. Азийн цээжинд орших Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэг чухамдаа их айлын хоймор билээ. Нийслэлийн маань хойморт Сүхбаатар дүүрэг тоонотоо дугуйлснаас хойш 50 жил өнгөрчээ. Их өргөө түмний хөлд дарагдахгүй өнжинө гэж үгүй. Гадна дотны түмэн хэлтнүүд орж гарцгаах. Аяншиж ядарсанаас авахуулаад төрийн элч төлөөлөгчид алжаал юугаа тайлан тав тухтай нь аргагүй хонож өнжөөд мордох аваас төр, улсын маань нэр хүнд цаашлаад өргөөний эздийн унд устай, ааш зан сайтайг, өргөө орчим дэг жаяг хатуутайг хүлгийн жолоо татсан газар бүртээ магтан дуулах учиртай, урьдын цагт. Одоо ч ялгаагүй, амьдралын хэв шинж нь өөр болсон болохоос биш. Монгол Улс, монголчуудын аж байдал, найрсаг зочломтгой зан, хөгжил цэцэглэлт гээд хүмүүний амьдралын сайн сайхан бүхний үнэлэмж гагцхүү Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанаас шууд хамаарах нь дамжиггүй. Тиймээс сүхбаатарчуудад гар хумхин суух эрх байхгүй. Бусдаас илүү ажиллаж хөдөлмөрлөх ёстой. Монголын ард түмний өмнө хүлээсэн үүргээ сүхбаатарчууд ухамсарлаж, нэр төртэйгөөр биелүүлж яваа. Ийн ухамсарлуулж чадсан хүн бол мэдээжийн хэрэг дүүргийн Засаг дарга Д.Бадарсан. Энэ эрхэм насаар харьцангуй залуу хүн. Улстөрчийн хувьд ч ялгаагүй. Гэвч сурсан мэдсэн, үзсэн харсан, дуулснаараа залуудахгүй. Залуудаж ч байгаагүйг та бид бэлхэнээ мэдэж байгаа шүү дээ. Өөрөө ч харуулж чадлаа. Сайн хүний үр гэж монголчууд ярьдаг даа. Түүний өвөг эцэг Онолтын Санжмятав бол БНМАУ хэрхэн хөгжиж, социализмын материал техникийн баазыг барьж байгуулах төлөвлөгөөг боловсруулах ажлыг нухалцсан манай шилдэг эдийн засагчдын нэг байсныг ахмад үеийнхэн маань мэднэ. Д.Бадарсан ч өвөг эцгийнхээ жимээр яваа. Гэхдээ өөрийн хичээл, зүтгэлээр тэрхүү жимийг бүр тодруулж буй нэгэн. Тэрбээр хүүхэд байхын тооны хичээлд шаггүйн дээр нийгмийн идэвхитэйгээрээ анги хамт олноо хошуучилж явсныг нь, математикийн XXX олимпиадын аварга болж байсныг нь эдүгээ ч Улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн багш нар үе үеийн дүү нарт нь үлгэр жишээ болгон ярьцгаах юм билээ. 

Д.Бадарсан 1977 онд Улаанбаатар хотноо жирийн нэг багшийн гэр бүлд төрсөн. Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгссөн хүү орчуулагч болох мөрөөдлөө биелүүлэхээр Хэл, иргэншлийн дээд сургуулийг Япон хэлний орчуулагч мэргэжлээр дүүргэн улмаар Япон улсын Иборакигийн үндэсний технологийн коллежийг цахилгааны инженер, Хүмүүнлэгийн ухааны их сургууль бизнесийн удирдлагын ангийг тус тус дүүргэн МУИС-ийн Эдийн Засгийн сургуульд Санхүүгийн удирдлагын магистр цол хамгаалсан бөгөөд өдгөө Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн докторантурт суралцаж буй. Энэ нь сурч мэдэх тусам хүний оюун ухаан тэлдгийн жишээ юм. Тэрбээр ажил амьдралынхаа гарааг Дэлхийн банкны алдагдал бууруулах төслөөс эхэлсэн байдаг. Эрчим хүчний алдагдлаа хэрхэн бууруулах тухайд түүний гаргасан тооцоо судалгааг Монголын төр ашигласан гээд хэлчихвэл тийм ч хэтрүүлэг болохгүй буй за. Д.Бадарсан бас бизнес эрхэлж үзсэн нэгэн. Эдүгээ ч бизнес нь амжилттай яваа. Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зовлонг хамгийн сайн мэддэг хүний хувьд тэдний төлөө чадах бүхнээ зориулдаг байж мэднэ. Харин тэр 2004 оноос Сүхбаатар дүүрэгтэй хувь заяагаа холбон хорооны анхан шатны нэгжид ажиллаж байгаад X хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдсон юм. Анхан шатны нэгжид маш сайн ажиллаж хорооныхоо иргэдийн жаргал зовлонг хуваалцаж, тэдний төлөө гүйсэн учраас сонгогч олон түүнд итгэл хүлээлгэн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр 2012 онд илгээсэн төдийгүй Сүхбаатар хэмээх их айлын хувь заяаг гарт нь атгуулсан билээ. Тэрбээр нэгэнтээ хууч хөөрч суухдаа “Өмнөх ажилдаа эзний ёсоор хандсан хэн бүхэн үр дүнг нь заавал хардаг. Дарга болох дуртай, мөрөөддөг хүн байж болно. Гагцхүү даргын албан тушаалыг хариуцлага гэж харах хэрэгтэй. Өөр өнцгөөс харах аваас сайны тэмдэг биш” хэмээн өгүүлж билээ. Хэн хүнд сургамжтай эл үгээр нь хөрөг нийтлэлээ өндөрлөе. Засаг дарга Д.Бадарсан дүүргийнхээ иргэдэд итгэдэг, хамтдаа хөгжиж дэвшихийн төлөө зүтгэдэг. Иргэд нь ч түүнд эргэлзэж тээ­нэгэл­зэл­гүйгээр итгэлээ өгдөг. Бие биеэ олж, гар гараасаа хөтлөлцсөн учраас Сүхбаатар дүүрэг хийсэн, бүтээснээрээ нийслэлчүүдийг дагуулдаг биз ээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ч.Чулуунцэцэг

Нийтлэлийг хуваалцах