"​ЦАГ НАРГҮЙ АЛБА"

1 / 4
 
 

Ард иргэдийн аюулгүй байдал, гамшгийн эрсдэлд үргэлж нэг номерт зогсдог Онцгой байдлын алба, аврагч нарын ажлын нэг өдрийг сурвалжлав. Бидний очсон газар бол Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон түүний харьяа гал унтраах, аврах 34 дүгээр анги юм. 25 жилийн түүхтэй тус ангийн захирагчаар ахмад О.Дамдинсүрэн ажилладаг бол дүүргийн Онцгой байдлын хэлтсийг дэд хурандаа Т.Мөнхдорж удирдаж байгаа аж. Биднийг очиход дэд хурандаа Т.Мөнхдорж “Бидний ажил тухайн өдөр хийх ажлаа төлөвлөхөөс эхэлдэг. Ер нь бол долоо хоног, цаашлаад сараар ажлаа төлөвлөдөг юм. Долоо хоног, сар, улирал жилээр нь НОБГ-ын даргаар батлуулдаг” гэсээр угтав.

08:30 цаг. Ажил дөнгөж эхэлмэгц гал унтраах 34 дүгээр ангиас дэд хурандаа Т.Мөнхдоржид урьд шөнө нь гарсан галын дуудлага болон бусад зүйлийг илтгэдэг аж. Ням гаригаас даваа гаригт шилжих шөнө нийслэлийн хэмжээнд 10, дүүрэгт хоёр галын дуудлагатай байж. Тэгвэл даваагаас мягмар гаригт шилжих шөнө нийслэлд дөрвөн дуудлагатай хоносон бол Сүхбаатар дүүргийн хэмжээнд тайван байсан тухай Гал унтраах 34 дүгээр ангийн захирагч, ахмад О.Дамдинсүрэн илтгэсэн байна. Харин манай сурвалжлах багийг 08:30-17:00 цаг хүртэл тус анги дээр ажиллахад ямар нэгэн ноцтой дуудлага ирээгүйг цохон дурдъя. Үүний дараа ОБХ-ийн дарга Т.Мөнхдорж, орлогч дарга, хошууч П.Элбэгсайхан, галын ахлагч байцаагч, хошууч Ж.Хүдэрчулуун нар хийх ажлын тухай ярилцав. Т.Мөнхдорж дэд хурандаагийн хувьд 34 дүгээр анги дээр ажиллахаас гадна шар усны үерээс сэргийлэн хийсэн суваг шуудуу, далангаа эргэх ажилтай.

Тэгвэл П.Элбэгсайхан хошууч Ж.Хүдэрчулуун хошуучийн хамт Шадар сайдын гаргасан захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн болон төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, коллежид шалгалтаа эхлүүлэхээр болжээ. Товчхондоо бол боловсролын салбарынхан галын аюулгүй байдлыг хэрхэн хангасныг шалгана гэсэн үг. Ингээд төлөвлөсөн ажлаа ярилцсаны дараа өглөөний хурал дуусч алба хаагчид тус бүрийн хийх ажлынхаа бэлтгэлийг хангаж эхлэв. Энэ хооронд Онцгой байдлын хэлтсийн дарга Т.Мөнхдоржтой цөөн хором ярилцлаа. Түүний хувьд ОБХ-ийн даргаар ирээд найман сар ажиллаж байгаа гэнэ.

-Онцгой байдлынхны ажлын онцлогийн талаар дурдахгүй юу?

-Амралт гэж бараг байхгүй. Тайван цагт өөртөө болон гэр бүлдээ бага зэрэг цаг гаргана. Яг үнэндээ шөнө оройн цагаар утсаа салгах, Улаанбаатар хотоос гарах эрх байхгүй. Бүх ажил төлөвлөгөөний дагуу учраас цаг зав тун хомс. Ямар сайндаа л хүүхдүүдээ хэрхэн өссөнийг бараг мэддэггүй юм. Нэг л мэдэхэд хоёр хүүхэд маань 14, 15 настай болчихож. Хоёр багыгаа төрснийг мэдэж байна. Эмнэлэг дээр нэг очиж байсан. Тэгээд л яаж өсөж торниж байгааг бараг л мэдэхгүй шахам. Ингэж л ажилладаг улс, бид. Энэ албанд зүрх сэтгэлээ өгсөн хүн л ажилладаг. Хүнд алба шүү дээ.

-Иргэдийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд олон талт арга хэмжээ зохион байгуулдаг байх. Одоо цагт ямар ч ажил хийсэн мөнгөгүй бол боломжгүй болжээ. Танай дүүргийн удирдлагууд болон холбогдох байгууллага нь та бүхнийг төсөв мөнгөөр хэр сайн хангадаг бол?

-Хязгаарлагдмал хэрэгцээтэй шүү дээ. Сүүлийн гурван жилд төсөв танагдсаар л байгаа. Гэлээ гээд зүгээр сууж болохгүй. Боломжийнхоо хэрээр урьдчилан сэргийлэх ажлаа хийгээд явдаг. Ер нь Онцгой байдлын салбарт төсөв бага хуваарилдаг. Хэдий тийм ч Засаг даргын зүгээс бидний ажлыг маш сайн ойлгодог учраас нөөцөөс тодорхой хэмжээний мөнгө гаргадаг. Саяхан болсон шар усны үер, түүнээс урьдчилан сэргийлэх бүх ажлын зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан. Болзошгүй учраас зайлшгүй зарцуулах ёстой гэдэг утгаараа шүү дээ. Ингэлээ гээд зовлон тоочихгүй. Өмнөхөө бодвол төр засаг, ард иргэд маань онцгой байдлын албыг харьцангуй ойлгодог болжээ. Гэхдээ 2009 оноос хойш манай салбарын чадавх эрс дээшилсэн, техникийн хүчин чадал, тоног төхөөрөмж болон хүний нөөцийн тал дээр. Дүүргээс л гэхэд саяхан нэг шинэ машин өгсөн. Манай анги одоогоор галын дуудлагад өндөр хүчин чадалтай, сүүлийн үеийн тоноглолтой таван машин ашигладаг. Мөн фургон, соната 7, ланд круйзер 80 гэсэн машиныг албан хэрэгцээнд ашиглаж байна. Ямар ч байсан дүүргийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудын дэмжлэгээр тоног төхөөрөмж эрс сайжирсан шүү.

-Танай дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд онцгой байдлын хэлтэстэйгээ хэр уялдаа холбоотой ажилладаг вэ. Та нарын ажилд хүндрэл учруулж байна уу?

-Ер нь гайгүй шүү. Манайхаас зохион байгуулж буй гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургалтад хамгийн идэвхтэй оролцдог нь цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүд. Ахлах ангийнхан бол дунд зэрэг. Томчууд бол бараг тоохгүй талдаа. Төрийн байгууллага бол харьцангуй идэвхтэй оролцдог.

Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Өвөрмонгол ресторан, зочид буудлын гадна фасад нурж автомашины дээврийн хэсгийг цөмөлсөн тухай дуудлага Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу 34 дүгээ ангийн таван алба хаагч, хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж нар ажилласан байна. Гэтэл Өвөрмонгол зочид буудлын гадна фасад, шавар, плита хананаасаа ховхорч унасны улмаас автомашинд ихээхэн хэмжээний хохирол учруулжээ. Азаар машинд болон машины ойр орчимд хүн байгаагүй учраас өөр хохирол гараагүй гэнэ. Хэдий тийм ч тус зочид буудлын гадна фасад хананаасаа хөндийрч, ховхорсон учраас хэзээ мөдгүй иргэдийн дээрээ унах аюултай байсныг Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байгаа юм. Ялангуяа тухайн зочид буудалтай байранд оршин суудаг иргэдийг анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байхыг манай сониноор дамжуулсныг уламжлъя. Дээрх үйл явдал хэдхэн хоногийн өмнө болсон байна.

10:00 цаг. Хошууч П.Элбэгсайхан, Ж.Хүдэрчулуун нар боловсролын байгууллагуудад шалгалтаар явах бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Шадар сайдын захирамжийн хүрээнд хийж буй уг шалгалт энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, нэг сар орчмын хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буй бүх сургууль, цэцэрлэгт шалгалт хийх гэнэ. Улмаар холбогдох зөвлөмж өгөхөөс гадна шаардлага хангаагүй боловсролын байгууллагад торгууль ноогдуулах, захиргааны арга хэмжээ авах аж. Ер нь бол шаардлага хангаагүй байгууллагыг есөн сая хүртэлх төгрөгөөр торгох заалттай.

10:10 цаг. Шалгалтын хүрээнд хамгийн эхэнд орсон газар бол “Их Засаг” их сургуулийн харьяа “Гоц жаалууд” цэцэрлэг. Уг цэцэрлэг нь УИХ-ын гишүүн Н.Учралынх бөгөөд Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч одоогоор тогтмол 70-80 хүүхэд энэхүү цэцэрлэгээр үйлчлүүлж байна. Өмнө нь дэн буудал ажиллаж байсан барилгыг засч, тохижуулан цэцэрлэг болгосон аж. Гэвч барилга нь өөрөө стандарт хангаагүй, дээрээс галын аюулгүй байдлыг хангах тал дээр нэлээд учир дутагдалтай байна. Цэцэрлэгийн барилга гурван давхар байх ёсгүй, цонхны гадна талд төмөр хаалт байх ёсгүй, аюулгүйн гарцыг хаалгагүй, гурван давхар обьектод ердөө тавхан ширхэг галын хортой, онцгой үеийн утасны жагсаалт байхгүй, барилгын галын дүгнэлт 2014 оноос хойш нэг ч удаа хийлгээгүй гэх мэт 10 гаруй зөрчил энэхүү цэцэрлэгээс илэрлээ. Энэ бол хувийн цэцэрлэгүүдэд байдаг хэвшмэл алдаа дутагдал аж. Орлогч дарга П.Элбэгсайхан, галын ахлах байцаагч Ж.Хүдэрчулуун нар тус цэцэрлэгт захиргааны арга хэмжээ авч, мөнгөн торгууль ногдуулна гэдгийг сануулаад гарлаа. Нэг цэцэрлэг, сургуульд шалгалт хийхийн тулд хамгийн багадаа 30 минут зарцуулдаг. Уг шалгалтаас онц дүн авахын тулд гааржуулалт, цахилгааны утасны аюулгүй байдал, галын хор, галын дүгнэлт, барилгын ерөнхий зураг гэх мэт олон зүйл бэлтгэх шаардлагатай аж. Харин хувийн хэвшлийнхэн үүнд төдий л анхаарал хандуулдаггүй талаар Ж.Хүдэрчулуун хошууч ярилаа. Галын дүгнэлтийг хоёр жил тутамд гаргуулах ёстой байдаг бол дээрх цэцэрлэг 2014 оноос хойш нэг ч удаа гаргуулаагүй нь торгууль хүлээх хангалттай шалтгаан болж байгаа гэнэ.

11:00 цаг. “Гоц жаалууд” цэцэрлэгээс гараад Д.Сүхбаатарын нэрэмжит II сургуулийг зорьлоо. Тус сургуулийн хувьд дүүргийнхээ Онцгой байдлын хэлтэстэй нягт уялдаа холбоотой ажилладаг гэнэ. Биднийг тус сургууль дээр ямар зорилгоор ирснээ танилцуулахад захирал Л.Цэнгэлмаа уриалгахан хүлээн авч хүмүүс томилж өгөв. Тус сургуулийн галын дүгнэлт шинэчлэгдсэн, түүнчлэн цахилгааны утас, мөн гал гарч болзошгүй бүх эд зүйлийг цахилгаанчин нь шинээр засварлаж байгаа аж. Галын хор, аюулгүйн гарц хангалттай. Гагцхүү номын сан болон архив нь стандартын шаардлага хангаагүй байгааг анхаарууллаа. Түүнчлэн тус сургуулийн байранд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг цайны газар нь зориулалтын бус агуулахтай, агааржуулалт муу зэрэг зөрчил илрэв. Энэ бүхнийг дахин сайжруулаад уулзахыг сургуулийн захирал Л.Цэнгэлмаад үүрэг болголоо. Харин захирал Л.Цэнгэлмаа хэлэхдээ “Галын аюулгүй байдал дээр манай сургууль онцгой анхаарал хандуулж ажилладаг. Илүү сайжруулах гэхээр төсөв мөнгөний асуудал байна. Гэхдээ бид боломжийнхоо хэрээр болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлдэг. Наанадаж галын хорынхоо тоог нэмэх гэх мэт. Шадар сайд, дүүргийн Онцгой байдлын хэлтэстээ хандаад нийт багш ажилчид, сурагчдадаа гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, семинар байнга авч байна. Ямар ч байсан жилдээ хоёр удаа сургалт авдаг. Гамшгаас урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөл манай сургууль дээр ажиллаж байна” гэв.

Боловсролын байгууллагад хийх шалгалт дээрх сургууль, цэцэрлэгээс эхэлж байна. П.Элбэгсайхан хошууч, Ж.Хүдэрчулуун хошуучийн хамт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг зорив. Харин манай сурвалжлах баг дэд хурандаа Т.Мөнхдоржийн хамт аврах, гал унтраах 34 дүгээр ангийн зүг хөдөлсөн. Иргэдийн нүдээр харахад Онцгой байдлын алба хаагчид галын болон гамшгийн дуудлага авсан үед л ажиллаж, бусад тохиолдолд завтай хүн шиг байдаг. Бид ч тийм төсөөлөлтэй байв. Гэвч бидний бодсоноос тэс өөр аж. 08:00 цагаас эхлэн бүх үйл ажиллагаа яг цагийн хуваарийн дагуу явагддаг байна. Тухайлбал, 09:30-11:30 цаг хүртэл гал унтраах өдөр тутмын дасгал сургуулилалт хийдэг аж. Тэд оройн 18:00 цагаас өмнө унтлагын өрөөнд орох эрхгүй. Харин энэ цагаас хойш дуудлага гарахаас бусад үед чөлөөт цаг учраас дуртай зүйлээ хийдэг аж. Хэрвээ дуудлага ирсэн тохиолдолд бэлтгэл ангийнхан энэхүү дасгалыг үргэлжлүүлнэ. Манай сурвалжлах баг 12:00 цаг өнгөрч байхад тус анги дээр очсон юм.

12:30 цаг. Энэ цагт алба хаагчид соён гэгээрдэг. Товчхондоо бол дэлхий дахинд болон манай улсад болж буй сонин, содон үйл явдлаас хуваалцдаг аж. Биднийг очиход соён гэгээрүүлэх цаг хэдийнэ эхэлсэн байв. Энэ нь алба хаагчдын хамгийн дуртай цаг. Яагаад гэвэл, ажлаа хийхийн сацуу дэлхий дахины сонин сайхнаас сонсоно. Тус анги 50 орчим алба хаагчтай. Нэг ээлжинд 12 алба хаагч гардаг. Ээлжээс нэг хүнийг ангийн захирагч, эсвэл салаан захирагч томилж соён гэгээрүүлэх ажлыг хариуцуулна. Тухайн хүн бусдадаа сонин хачин мэдээлэл сонсгохын тулд өмнөх өдөр нь бэлтгэдэг байна. Хэдийгээр цаг зав багатай ажилладаг ч ертөнцийн чимээг бусдаараа дамжуулан соён гэгээрүүлэх цагаар сонсдог учраас тэд мэдээллээс бараг хоцордоггүй гэнэ. Алба хаагчид тусгай бал, дэвтэр гаргаж өөрт хэрэгтэй гэснээ тун нямбай тэмдэглэж байсан.

13:00 цаг. Энэ бол үдийн хоолны цаг. Ихэнх албан байгууллагын үдийн цайны цаг 13:00-14:00 цагийн хооронд байдаг. Тиймээс уг жишгийн дагуу цайндаа ордог. Хоолоо өөрсдөө хийж иднэ. Ээлжээсээ тогооч томилдог учраас цайны газраас хоол бараг иддэггүй. Тус ангийн хамгийн их хийдэг хоол нь цуйван. Бүх алба хаагч цуйванг гарамгай сайн хийдэг учраас тус хоолыг өөрийн ангийн нэрэмжит болгожээ. 34 дүгээр аврах ангийн нэрэмжит цуйвангийн амт ёстой л нэг ванлий. Хэдийгээр үдийн цайны цаг 60 минутын хугацаанд үргэлжлэх ч дуудлагатай байх магадлал өндөр учраас тэдэнд тайван хоол идэх тохиолдол бага байдаг гэнэ. Шуурганд туугдсан хамхуул шиг л богино хугацаанд хооллож дуусдаг байна. Энэ нь сүүлдээ дадал болжээ. Богино хугацаанд хооллосон учраас дуудлагагүй тохиолдолд алба хаагчид хувийн бэлтгэлээ базаадаг байна.

14:00 цаг. Цэргийн байгууллага учраас бүх ажил яг цагийн хуваарийн дагуу аж. Товлосон хугацаанаас нэг минут ч хоцрох эрх тэдэнд байхгүй. Энэ дагуу 14:00-15:00 цагийн хооронд ангийн байр, автомашин, техникийн цэвэрлэгээгээ хийнэ. Нэг цагийн дотор цэвэрлэгээний ажлаа дуусгах ёстой. Тэд машинаа угааж цэвэрлэхээс эхлээд дор бүрнээ завгүй болчихож байгаа юм. 15:00 цаг гэхэд бүгд захирагчаар командаар ажлаа дуусгасан.

15:00 цаг. Энэ үед алба хаагчид ном сонин уншиж эхлэв. Учир нь, тэдний чөлөөт цаг эхэлж байгаа аж. Дээрх хугацаанд хийх дуртай зүйлээ хийнэ. Ном сонин унших, фитнесс өрөөнд биеэ бялдаржуулах гэх мэт.

15:30 цаг. Аврагчид чөлөөт цагаараа түр зуур амсхийж байна. Яагаад гэвэл өнгөрсөн мягмар гаригт тус ангийн аврагчид харьцангуй тайван өнжсөн учраас тэр. Мягмар гаригийн 08:30-18:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд ганцхан дуудлагатай байв. Харин 34 дүгээр ангийн хувьд тайван өнжлөө. Харин бид дэд хурандаа Т.Мөнхдоржийн хамт үерийн далан, суваг шуудууны ажилтай танилцав. Гуравдугаар сард нийслэлд огцом дулаарч цас хайлсны улмаас Дамбардаржаа, Бэлх, Сэлх орчмын гэр хорооллын айлууд шар усны үерт автжээ. Тиймээс тус ангийн алба хаагчид ус зайлуулах суваг шуудуу ухаж, далан босгосон байна. Энэ нь ч үр дүнгээ өгсөн бөгөөд айлуудыг үерт автахаас хамгаалах болов. Шар усны үерийн улмаас тухайн орчны зам харгуй эвдэрч сүйджээ. Энэ талаар Т.Мөнхдорж дэд хурандаа “Замын компаниуд эхнээсээ л ус зайлуулах шугамтай замаа хийх ёстой. Гэтэл манайд тийм зүйл бараг алга. Ялангуяа зуслангийн бүсийн замуудад ус зайлуулах шугам огт байхгүй. Үүний улмаас замын эвдрэл, хагарал маш их гарч байна” гэв. Үнэхээр шар усны үерийн улмаас зам харгуй эвдэрч ердөө ганцхан жилийн өмнө барьсан Дамбадаржаагийн зам хэдийнэ 10 жилийг элээсэн зам шиг болсон байлаа.

16:25 цаг. Биднийг үерийн далан, суваг шуудуутай танилцаад ирэхэд 34 дүгээр ангийн алба хаагчид жагсаалын бэлтгэлдээ орсон байв. Нэг цагийн хугацаанд ийм бэлтгэл хийдэг. Энэ үеэр алба хаагчид жагсаалын дуу гаргах, дуудлага авсан үед хэрхэн шуурхай ажиллах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хэрхэн хангах зэрэг бэлтгэл сургуулилалт хийдэг гэнэ.

Тогтсон цагийн хуваарийн дагуу ажилладаг учраас бүхий л өдрийн турш алба хаагчид хийдэг зүйлээ л давтана. Уйтгартай мэт боловч алба хаагчдыг чадавхийг дээшлүүлэхийн тулд энэ бүхнийг зайлшгүй хийх ёстой байдаг аж. Бидний тус ангид ажиллах цаг хугацаа үүгээр дууссан юм. 34 дүгээр ангийнхан 17:00 цагаас хойш сургалтад хамрагдаж, хууль эрхзүйн мэдлэгээ дээшлүүлдэг. Фитнесс өрөөгөөрөө үйлчлүүлж бие бялдартаа анхаарал хандуулдаг байна. Эцэст нь 23:00 цагт бүгд командаар унтаж амрах ёстой. Онцгойгийн алба хаагчдын ажлын нэг өдөр тогтсон хуваарь, цагийн дагуу ингэж өнгөрдөг юм байна. Хэдий тийм ч онцгойгийнхон ажлаараа бахархдаг. Ангийн захирагч, ахмад О.Дамдинсүрэн “Хэдийгээр цаг зав багатай ч манай алба гэгээлэг салбар. Яагаад гэвэл бусдын амь нас, аюулгүй байдлын төлөө зүтгэдэг учраас бид хүнд хэцүүгээс халширч байгаагүй. Тийм ч учраас албаараа үргэлж бахархдаг. Сэтгэлтэй хүмүүс нь энэ салбарт ажилладаг. Бид дуудлага авсан тохиолдолд нэг минутын дотор бүх хувцсаа өмсөөд гарах ёстой. Энэ дашрамд хэлэхэд, аврагчдад хамгийн их саад болдог, түвэг учруулдаг зүйл бол автомашины соёлгүй хөдөлгөөн болон орц гарцаа хаасан хашаа, байгууламжууд. Тиймээс болзошгүй гамшиг, галаас урьдчилан сэргийлж тухайн амьдарч, ажиллаж буй орчноо үргэлж чөлөөтэй байлгаарай гэж хүсье. Жолооч нартаа хандахад галын машинд маш богино хугацаанд зам тавьж өгч байгаарай. Цаана нь олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг бид хамгаалахын төлөө ажиллаж байгаа шүү” хэмээн дамжуулсныг уламжилъя.

Нийтлэлийг хуваалцах