"АРХИНЫ ШАЛТГААНТ ЭМГЭГИЙН ИЛРҮҮЛЭГ БА ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УЯЛДАА" СЭДВЭЭР СУРГАЛТ БОЛЛОО

Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран  Архины шалтгаант эмгэгийн илрүүлэг ба тусламж, үйлчилгээний уялдаа сэдэвт сургалт зохион байгууллаа.
Архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэгийн тархалт улс орнуудад харилцан адилгүй. Тухайлбал, өндөр орлоготой орнуудад тархалт 8,4 хувь, дундаас дээш орлоготой орнуудад 5,4 хувийн тархалттай байна. Монгол улсад СЭМҮТ-ийн 2016 оны судалгаагаар насанд хүрэгчдийн 6,2 хувь нь архинд донтох эмгэгтэй байсан бол 2024 онд УБ хотын 5 хорооны иргэдийг хамруулсан илрүүлгээр 10-13 орчим хувьд нь архинд донтох эмгэг илэрсэн байна. Архинд донтох эмгэг нь эмийн эмчилгээ, танин мэдэхүйн, сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж, батжуулах эмчилгээ, зөвлөгөө, сургалтад тууштай хамрагдсанаар бүрэн эдгэрэлтэд хүрч, дахилтаас сэргийлэх боломжтой бөгөөд анхан шатны эрүүл мэндийн байгууллага, цагдаа, нийгмийн ажилтан, гэр бүлийн оролцоонд тулгуурласан цогц үйлчилгээ чухал юм. Тиймээс энэ удаагийн сургалтын зорилго нь хороодын ЗДАА, ӨЭМТ-ийн эмч, цагдаа нарыг оролцуулан нэгдсэн арга зүйгээр хангах юм.
Сургалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж буй “ Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах, хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх Саруул Монгол хөтөлбөрийн агуулгатай нийцэж, дүүрэг хорооны холбогдох талуудын үүрэг оролцоо, уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой сургалт гэдгийг дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг онцолсон юм.
Сургалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Эрүүл Монгол хүн төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, АУ-ны доктор О.Чимэдсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх АУ-ны доктор, профессор Н.Дэмидмаа болон бусад хүндэт зочин багш нар удирдан явууллаа.
 
Нийтлэлийг хуваалцах