ЦЭРЭГ, СПОРТЫН "ДӨЛ-2025" ТЭМЦЭЭНИЙ АВАРГААР "АЛТАН-ОД" БАГ ТОДОРЛОО

ЦЭРЭГ, СПОРТЫН
Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг, спортын “Дөл-2025” тэмцээн өнөөдөр Зэвсэгт хүчний 015 дугаар ангид зохион байгуулагдав. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, менежер Э.Чинзориг, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Болдбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, Зэвсэгт хүчний 015-р ангийн захирагч, хурандаа Ц.Батсайхан болон зарим сургуулийн захирал, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож баг, тамирчдадаа амжилт хүслээ. Зэвсэгт хүчний 015 дугаар анги нь 1921 оны 7-р сард Ардын журамт цэрэг Их хүрээг чөлөөлсөний дараа тэдний тээн ирсэн цэргийн нөөцийн зэвсэг галт хэрэглэлийг хуучин Богд хааны зэвсгийн сантай нэгтгэн анх байгуулагдаж байсан түүхтэй.
Цэрэг, спортын “Дөл” тэмцээн нь хүүхэд залууст цэрэг-эх оронч хүмүүжил олгох, эх хэл, түүх, соёл, уламжлал, ëc заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдар болон сэтгэл зүйн тэвчээр хатуужил суулгаж, хувийн зохион байгуулалт сайтай, зорилго тэмүүлэл, эв нэгдэл бүхий хамт олныг бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх зэрэг чухал ач холбогдолтой. Дүүргийн аварга шалгаруулах цэрэг, спортын “Дөл-2025” тэмцээнд ерөнхий боловсролын 11 сургуулийн ахлах ангийн сурагчид гарааны өмнөх ажиллагаа буюу жагсаал үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлбэр, дроны ур чадвар, гэрийн даалгавар, хийн буудлага, галын бэлтгэлийн норматив болон марш гүйлт гэсэн төрлөөр хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн юм. Багуудын төрөл тус бүрийн гүйцэтгэл, норматив үзүүлэлтээр

I байрт Монгол 3-р сургуулийн “Алтан-Од” баг,
II байрт 6-р сургуулийн “Цэгц” баг,
III байрт 71-р сургуулийн “Ренжер” баг,
Тусгай байрт 58-р сургуулийн “Хар сүлд”, 11-р сургуулийн “Цэгц-11” баг шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Нийтлэлийг хуваалцах