#СБД УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Засаг дарга М.Алтангэрэл удирдан явууллаа. Шуурхайн эхэнд Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж өмнөх шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Биелэлт 90 орчим хувьтай зарим ажлууд гүйцэтгэлийн шатандаа хэрэгжиж байна. Дарааллын дагуу дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар эрүүл мэндийн төвөөс сар шинийн баярын амралтын өдрүүд болон цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав. Дүүргийн хэмжээнд сар шинийн амралтын өдрүүдэд нөхцөл байдал харьцангуй тайван, томилгоот байгууллага, аж ахуйн нэгжүүд хуваарьт үүргээ гүйцэтгэж, иргэдийн эрүүл мэнд, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол түгээж ажиллалаа.
Мөн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсээс иргэд олон нийтийг хамруулан зохион байгуулсан урлаг соёл, спортын тэмцээн уралдаан цаашид зохион байгуулах үйл ажиллагааны мэдээллийг илтгэв. Дүүргээс шалгарсан урлаг, спортын шилдгүүд нийслэлийн болон дараагийн шатанд амжилттай оролцож, тогтмол шагналт байранд шалгарсан байна. Шуурхайн төгсгөлд Засаг дарга урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлуудаа эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын зураг төсөв, худалдан авах ажиллагааг хугацаанд нь чанартай явуулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг тодорхойлж иргэддээ зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх, давс, бодисын үлдэгдэл нөөцийн чанарыг алдагдуулахгүйгээр хадгалах болон бусад чиглэлээр үүрэг даалгавар өглөө.