#СБД "ПРОКУРОР-ОЛОН НИЙТ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖИНЭ

#СБД
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас санаачлан төрийн захиргааны байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр “Прокурор-олон нийт” нэгдсэн арга хэмжээг энэ онд зохион байгуулахаар шийдвэр гарсан. Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр нөлөөг сайжруулах, прокурорын байгууллага, төрийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, хороодын Засаг даргын ажлын албадад нэгдсэн арга хэмжээний удирдамж, хийж хэрэгжүүлэх ажлыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. “Прокурор-олон нийт” арга хэмжээг дүүргийн Прокурорын газрын прокурор, ажилтнуудаас бүрдсэн 4 баг, 1-20 дугаар хорооны Засаг даргын Ажлын алба, цагдаагийн байгууллагын хороо хариуцсан алба хаагчдыг оролцуулан ажлын тусгай, хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ. Тус арга хэмжээ энэ оны I, II, III улиралд зохион байгуулагдаж IV улиралд дүнгээ гаргах юм.
Нийтлэлийг хуваалцах