11 ДҮГЭЭР СУРГУУЛЬ 4 ДҮГЭЭР УЛИРАЛД АШИГЛАЛТАНД ОРНО

Сүхбаатар дүүргийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийн 320 хүүхдийн суудалтай барилгын өргөтгөлийн ажил эхэлж, шав тавих ёслолын ажиллагаа боллоо.

Уг арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн болон гүйцэтгэгч байгууллага, сургуулийн удирдлага, багш, сурагчид, төгсөгчдийн холбооны төлөөлөл оролцов.
НМХГ-аас 2010 онд тус сургуулийн барилгад үйл ажиллагаа явуулахыг бүрэн зогсоох тухай дүгнэлт гаргаж, 2013 оны 2 дугаар улиралд буулгаж эхэлсэн байдаг.
Өнөөдөр 30 гаруй багш, 600 гаруй сурагчид 31 дүгээр сургуулийн байранд хичээллэж байна.
Тус сургуулийн багш сурагчид олон улсын математик, хими, физикийн олимпиадаас 25 медаль авч, 82 орноос 61 дүгээрт орсон нь Монголын багийг түүхэнд урьд өмнө байгаагүй амжилтанд хүргэсэн юм.
Мөн Евро-Ази, Казакстан, Оросын холбооны Саха, Солонгос улсад болсон Олон улсын уламжлалт олимпиадуудаас 18 медаль, Улс, хот, дүүргийн хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг математик, хими, физик, мэдээлэл зүй, орос хэл, монгол хэл, газарзүй, нийгмийн тухай мэдлэг, англи хэл, зэрэг хичээлүүдийн олимпиадуудад эхний байруудад шалгаран нийт 50 гаруй цом, 2000 гаруй медаль авчээ.
Ийнхүү удаан хүлээсний эцэст нийслэлээс хөрөнгө оруулалт нь шийдэгдэж 11 дүгээр сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг Чойр хайрхан ХХК гүйцэтгэн энэ оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр боллоо.

 

Нийтлэлийг хуваалцах