ИРГЭДЭД БУЯНТАЙ АЖИЛ ХЭРЭГЖИЖ БАЙГАА УЧРААС ЭХЛЭЛ НЬ ЗӨВ БАЙХ ЁСТОЙ

ИРГЭДЭД БУЯНТАЙ АЖИЛ ХЭРЭГЖИЖ БАЙГАА УЧРААС ЭХЛЭЛ НЬ ЗӨВ БАЙХ ЁСТОЙ
УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өнгөрсөн оны долдугаар сарын 2-ны өдөр батлан гарсан. Энэ хууль шинэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга П.Мягмарсүрэнгээс дараахь тодруулгыг авлаа.

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэллээ. Тэгэхээр бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд 8 бүлэг, 17 зүйл, 37 хэсэг, 43 заалттай.Энэ хууль батлагдан гарснаас хойш улс, нийслэл, дүүргийн хэмжээнд хуулийг хэрэгжүүлэх талаар тодорхой хэмжээгээр бэлтгэл хангаад явж байна. Манай дүүргийн хувьд ч гэсэн бэлтгэл хангагдсан гэж үзэж байна.

  • -Ер нь хүүхэд харах үйлчилгээг олон иргэд сонирхож байгаа. Үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгөөч?
  • -Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч хүүхэд харагч иргэдэд дараах ерөнхий шаардлага тавигдаж байгаа. Үүнд:
  • -Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой

-Тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан

-Бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн

-Халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл

-Гэмт хэрэгт холбогдож байгаагүй

-18-аас 65 насны Монгол Улсын иргэн байх зэрэг шаардлагууд байгаа.

Хамрагдагч буюу хүүхдүүдэд:

  • -Хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхэд
  • -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд- нас харгалзахгүйгээр

-Энэ үйлчилгээг эрхлэх иргэд тодорхой хэмжээгээр сургалтанд хамрагдана гэсэн. Яг ямар сургалт байх бол?

-Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх иргэн, хуулийн этгээдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталснаар тав хоногийн сургалтад хамруулна. Хүүхэд харагчаар сургалтанд хамрагдахад дараах материалыг эхний ээлжинд бүрдүүлж, нотариатаар баталгаажуулж ирэх юм. Үүнд,

  • 1.Иргэний үнэмлэх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • 2.Боловсролын диплом, гэрчилгээний эх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • 3.Гэмт хэрэгт холбогдож байгаагүйг нотлосон цагдаагийн байгууллагын тодорхойлолт /ДХГБХТ-өөс нэгдсэн байдлаар гаргуулна/
  • 4.Халдварт болон сэтгэцийн өвчингүйг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт /Дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас гаргуулна/
  • 5.Үйлчилгээнд хамрагдах хүүхдийн мэдээлэл /төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн мэдээлэл, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл/
  • 6.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн хүсэлт
  • 7.Хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшснийг нотлох гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь
  • 8.Үйлчилгээ эрхлэх байр, түрээсийн байр, зээлийн байр, гэр бол газрын гэрчилгээг нотариатаар батлуулсан хувь

-Та бүхэн ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа гэсэн. Нөгөө талаас хариуцлагын асуудал чухал байх ёстой. Энэ талаар?

-Хүний хүүхэд гэхээсээ илүү хүүхэд л бол бидний хүүхэдтэй адил монголын ирээдүй учир хүн бүхэн сэтгэл гаргаж ажиллах ёстой. Бидний тавьж буй хариуцлагын асуудал энд л байгаа юм. Хариуцлагын асуудал гэдэг нь багш боловсон хүчний сонголт. Иймээс бид хүмүүст тавигдах шаардлагад анхаарч, хариуцлагатай ажиллахыг зорьж байна. Бид мэргэжлийн ур чадвараа гаргаж ажиллана. Ийм буянтай, боломжийн ажил хэрэгжиж байгаа учраас эхлэл нь зөв тавигдвал олон хүний талархлыг хүлээсэн ажил болно. Бүртгүүлсэн иргэддээ итгэж байна. Мөн шалгалтын дүн, шалгуур үзүүлэлтүүд тодорхойлно доо. Бид хүүхэд харагчдыг ясли цэцэрлэгийн багш, бага эмч, сувилагч, эрүүл ахуйч мэргэжилтэй хүн байвал илүү сайн байх гэж бид анхааран ажиллаж байна. Хүний нялх хүүхдийг харна гэдэг маш хариуцлагатай ажил. Тийм учраас 2-6 насны хүүхэд нь хэний ч өмнө үгээ, үйл хөдлөлөө бүрэн илэрхийлж чадахгүй учраас хүүхэд харагч багш боловсон хүчнээ зөв хянуур сонгож ажиллуулах, ер нь хүүхэд харагчдаас шалгалт авч гэрчилгээ олгох учраас гайгүй байх гэж бодож байна. Нөгөө талаас нийслэлийн хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт, сэтгэцийн болон халдварт өвчингүйг тодорхойлсон бичгийг нэгдсэн байдлаар авахад анхаарах хэрэгтэй. Иргэд өрхийн эмнэлэгийн эмчээс бичиг авчрах тохиолдол гарч байгаа.

-Одоогоор дүүргийн хэмжээнд хичнээн иргэн хүсэлтээ өгөөд байна?

-Манай дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 70 иргэн бүртгүүлсэн. Харин бичиг баримтын бүрдүүлэлт дээр иргэд өөрсдөө жаахан удаашралттай байна. Мөн өөр дүүргийн хүмүүс ч их ирж байна.

-Үйл ажиллагаа явуулах байр ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байр нь тодорхой шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой. Өөрийн өмчлөлийн байртүүний ордер, түрээсийн байр бол зээлийн гэрээ итгэмжлэл, гэрбайна гээд журмандаа заагаад өгчихсөн байгаа. Ер нь үйл ажиллагаа явуулах байр нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, хүүхдийг аливаа болзошгүй сөрөг нөлөөлөл, үйлдлээс хамгаалсан, хэвийн нөхцлийг бүрдүүлсэн байх ёстой. Хэрэв гэр байх бол зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглана. Хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой. Гал тогоонь тусгай гэр байна. Мөн бие засах газар ашиглах бол хүүхдэд аюулгүй байх болон эрүүл ахуй, ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангасан байх гэсэн ерөнхий шаардлагууд тавигдсан. Мөн нэг хүүхдэд ноогдох талбай 2.5м, таван хүүхэд 12.5 м2байна гэх мэт шалгуур үзүүлэлтүүд бий. 

Нийтлэлийг хуваалцах