Бидний цахим хуудсанд саатан зочилж буй Эрхэм таны амгаланг айлтгая. 1958 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үүсэн байгуулагдсан Монголын Хүүхдийн ордон өдгөө түүхт 63 жилтэйгээ золгож байна. Жилээс жилд өргөжин хөгжиж, эдүгээ 100 гаруй багш ажилтан, 4500 гаруй сурагч  хүүхдүүд  140,000 гаруй төгсөгчтэй өнөр өтгөн хамт олон болсон байна.

       Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого зорилтын хүрээнд  хүүхдийн хүсэл сонирхолд тулгуурлан тэдний авьяас, оюун билгийг нээх, хөгжүүлэх, үндэсний урлаг соёлын өвийг өвлүүлэх, урлаг, уран сайхны сургалтаар дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох, амжилтыг нь бататгах хүүхдийг хөгжүүлэх үүрэг бүхий төрийн байгууллага билээ.

       Бид дугуйлангийн сургалтуудаас гадна улсын хэмжээнд хүүхэд багачуудын дунд хүлээлт үүсгэн, эчнээ танил болсон “Харшийн сүлд модны наадам”, “Хүрэл тулга”, “Би эстрадын дуучин” “Уран жиргээ”зэрэг тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, соёл урлагаар дамжуулан үндэсний урлаг, соёлын өвийг таниулах чиглэлд өндөр ач холбогдол бүхий олон улсын болон улс хотын шинж чанартай уламжлалт 22 арга хэмжээг тогтмол, бусад санал, санаачлагаар бий болох улсын болон олон улсын соёл хүмүүжил, авьяас төлөвшлийн чиглэл дэх тэмцээн уралдаануудыг төвлөрүүлэн жил  бүр зохион байгуулж ирсэн.

       Манай хамт олны хувьд түүхт 60 жилийн ойн хүрээнд 2018 онд байгууллагынхаа удирдлага арга зүй, үйл ажиллагаанд тавигдах стандартдаа Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015-г амжилттай нэвтрүүлж мөн ойн баярын өдрөө Нийслэлийн  “Хангарьд” одонгоор байгууллага маань шагнагдаж баяр дүүрэн ойн баяраа угтлаа.

       Улсынхаа хүүхэд багачуудын соёл хүмүүжил, авьяас төлөвшлийг дэмжин, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааны хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд “Бүхнийг Хүүхдийн сайн сайхны төлөө” уриан дор нэгэн насны ажил амьдралаа бүрэн зориулан зүтгэж буй “Монголын хүүхдийн ордон”-ы  хамт олондоо мөн сурагч хүүхдүүдээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ “Ордонд маань”-д сурах хүсэл тэмүүлэлтэй хүүхэд бүрт бидний үүд хаалга үргэлжид нээлттэй гэдгийг цохон тэмдэглэе.

       Бид Монгол ёс заншил, өв уламжлал, ардын урлагаа эрхэмлэн дээдэлсэн, аз жаргалд тэмүүлдэг, эвсэг, тусархаг, ажилсаг, нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой Монгол иргэдийг бэлтгэх болно.

       Хүндэтгэсэн:  БЯМБАБААТАРЫН ЦЭНГЭЛМАА