Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор бий. Халхын голын байлдаанд эрэлхэгээр байлдаж амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгож барьсан уг цогцолборыг 1969 онд архитектор А.Хишигтээр ахлуулсан уран барилгачид барьж эхэлсэн бөгөөд 1971 он буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор нээлтээ хийсэн. Цогцолборын доод ханан дээр “Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” гэсэн үгийг сийлжээ. Орой өөд 600 гаруй гишгүүр бүхий 300 метр урт шатаар өгсөж Зөвлөлтийн цэрэг эрийн хөшөө бүхий дугуй ханаар хүрээлэгдсэн талбайд хүрнэ. Талбайн төв дунд 3 метрийн голчтой мөнхийн гал буюу тулга байдаг бөгөөд амь үрэгдсэн дайчдын гэгээн дурсгалыг үүрд дурсан санахыг бэлгэдсэн байдаг. Дугуй хананы тойрог урт нь 60 метр бөгөөд төмөр бетоноор цутгаж хийжээ. Хананы гадна талаар Монгол Зөвлөлтийн гавъяаны одонгуудыг товойлгон сийлж Монгол үндэсний хээ угалзаар чимсэн байдаг бол хананы дотор талд шилэн шигтгэмэлийн аргаар урласан хоёр орны ард түмний найрамдалт харилцааг он дарааллаар илэрхийлсэн зураглал бий.[1]
Зөвлөлтийн дайчдын хөшөөний цогцолборын нэг хэсэгт Берлин хүрсэн танкийн хөшөө багтана. Монголын ард түмний хандивын хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цувааг байгуулж 1943 онд Зөвлөлтийн армид бэлэглэж байсан түүхтэй бөгөөд энэхүү танк нь Берлин хүртэл аялан гарамгай гавъяа байгуулж БНМАУ, ЗХУ-ын есөн одонгоор шагнагджээ. Хөшөөг байгуулахдаа налуу өндөрлөг төмөр бетон суурин дээр танкийг баруун зүг харуулан байрлуулж, суурийн зүүн хананд түүний явсан замыг сийлж, баруун хананд нь гавъяаны одонгуудыг нь товойлгон хийсэн байна.[1] 2003 онд хотын төв болон Зайсангийн хоорондох замын уулзвараас нүүлгэж зайсанд аваачсан байна.